Ойн нөхөрлөлүүдийн холбоо

Дархан Ойн нөхөрлөлүүдийн холбоо

          Дархан-Ойн нөхөрлөлүүдийн холбоо нь 2011 онд БОХУ-байцаагч Н.Лхагвасүрэнгийн санаачилгаар Ж,Бүрэнбат даргатай 9 тэргүүлэгч гишүүнтэй Дархан-Уул аймгийн “Хонгор ой “нэртэйгээр анх байгуулагдсан. 

  1. Нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг эрх зүйн орчинд дэмжих, мэргэжлийн чиг баримжаагаар хангах,  эрх ашигийг нь хамгаалах,үнэлгээ мониторинг хийх. 
  2. Бусад аймгийн нөхөрлөлүүдээс туршлага судлах, аялал зохион байгуулах
  3. Шахмал түлшний үйлдвэрлэл, модоор гар урлалийн зүйл бүтээх зэрэгт түшиглэж нөхөрлөлийн өрхийн амьжиргааг дэмжих
  4. Нөхөрлөлийн холбооны үйл ажиллагааг дэмжих
  5. Нөхөрлөлүүдийг чадавхжуулах зориготойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд манай холбоонд бүртгэлтэй 62 нөхөрлөлийнхөө чадавхийг дээшлүүлэх чиглэлээр аймгийн БОАЖГазар, Сум дундын Ойн анги, МХГ, ОБГ, НҮБ-ын ХХААБайгууллагаас хэрэгжүүлж буй төслийн баг болон ойн мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллаж байлаа. 

          Бид Ойн тухай хууль, сумын Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу жил бүрийн хуурайшилтын улиралд ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор байгаль хамгаалагчидтай хамтран түймрийн эргүүл шалгалтыг тогтмол хийсний дүнд 2011 оноос хойш ойн нөхөрлөлийн эзэмшлийн талбайд ой, хээрийн түймэр гаргалгүй амжилттай ажиллаж байсан. 
          Ойн санг гэрээгээр эзэмшиж буй нөхөрлөлүүд өөрийн хариуцаж буй талбайдаа нутгийн малчин иргэдийг нөхөрлөлдөө гишүүнээр элсүүлж, ойн сангаа байнгын эзэнтэй болгож ойд илэрсэн зөрчлийг цаг тухайд нь холбогдох газарт мэдээлж байна. Ойн сан эзэнтэй болсноор хууль бус мод бэлтгэлийн гаралт 60 хувь буурсан байна. 
          Ойн нөхөрлөлүүд гэрээгээр эзэмшиж буй талбайгаа өөрийн зардлаар хамгаалж байгаа бөгөөд мөн өөрсдийн нөөц бололцоо, техник тоног төхөөрөмжид тулгуурлан шат дараатайгаар мод үржүүлэг, ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийж байна. 
Манай нөхөрлөлүүд 2011 оноос2015 онуудад улс, орон нутгийн төсвийн хөрөнгө болон өөрийн хөрөнгөөр нийт 220 гаруй га талбайд  ойжуулалт нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн. 
          Нөхөрлөлийн холбооны зүгээс ойн нөхөрлөлийн гишүүдэд дэлгэрэнгүй судалгаа явуулж судалгааны дүн, танилцуулгыг БОАЖЯаманд хүргүүллээ.
          Бид 2015, 2017 онуудад улсын хэмжээнд зохион байгуулсан “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн 1, 2 дугаар чуулган”-д тус тус оролцож БОАЖЯамны “Жуух бичиг”-ээр 5 нөхөрлөлийн гишүүн, “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдаанд оролцож тусгай байрт шалгарсан амжилттай байна. 
          Нөхөрлөлийн холбооны зүгээс нөхөрлөлүүдийн хамтын холбоог бэхжүүлэх, үлгэр жишээ ажиллаж буй нөхөрлөлүүдээс бусад нөхөрлөлүүдээ туршлага судлуулах зорилгоор жил бүр “Зуны цугларалт”-ыг зохион байгуулдаг. Мөн тухайн жилд хийсэн ажлаа дүгнэх, сайн ажилласан нөхөрлөлүүдээ урамшуулах зорилгоор жил бүрийн шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байна. 
          Бид цаашид нөхөрлөлийн үйл ажиллагааг улам бүр бэхжүүлэх, нөхөрлөлийн гэрээгээр эзэмшиж буй талбайгаа хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, байгалийн дагалт баялаг, ойгоос унасан мод, хожуул, мөчрийг зүй зохистой ашиглах, нөхөрлөлийн үйл ажиллагааг илүү менежменттэй болгох зорилгоор энэхүү ойн менежмент төлөвлөгөөг хамтран боловсруулж цаашид нөхөрлөлүүдийн гол барьж ажиллах баримт бичиг болгохоор төлөвлөж байна. Манай холбоо нь 2011 оноос хойш “Хонгор ой” нөхөрлөлийн холбоо нэртэйгээр зөвхөн Хонгор сумын ойн нөхөрлөлүүдийг нэгтгэн үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлийн холбоо байсан. Харин 2017 оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж Дархан-Уул аймгийн ойн санг гэрээгээр эзэмшигч бүх нөхөрлөлүүдийг нэгтгэн “Дархан-Ой” нөхөрлөлийн холбоо болж үйл ажиллагаагаа өргөтгөн явуулж байна. 

Хаяг: Дархан-Уул аймгийн “Хонгор ой" ойн нөхөрлөлүүдийн холбоо

Утас: