Мэдээ мэдээлэл

Ногоон бүсийн савдаг

Ойтой, ногоон бүстэй ажил амьдрал нь шууд хамааралтай хүмүүс бол орон нутгийн иргэд. Энэ ч утгаараа тухайн нутгийн иргэд нөхөрлөл буюу хамтын зохион байгуулалтанд орж, тодорхой нэг газрыг хариуцан хамгаалах, нөөц баялгийг давуу эрхтэйгээр ашиглах, эзэмших эрх олгох замаар биологийн төрөл зүйл, экосистемийг хамгаалах ажилд татан оролцуулах нь байгаль хамгааллын менежментийн хамгийн үр дүнтэй арга хэмээн дэлхий дахинаа үздэг. 

Ер нь аливаа улс орны Засгийн газрууд, тэр дундаа эдийн засгийн хөгжил дорой, буурай, дөнгөж хөгжиж буй орнуудын хувьд төрөөс бие даан хэрэгжүүлж байгаа байгаль хамгааллын үйл ажиллагааны үр өгөөж бага, үр дүн нь хангалтгүй байдаг жишээ дэлхийд цөөнгүй. Харин үүний оронд байгаль хамгаалах ажлыг нутгийн иргэдийн оролцоотойгоор зохион байгуулбал илүү үр дүнд хүрдэг нь хэдийнэ батлагдсан туршлага. Ингэснээр Засгийн газраас зарцуулдаг хөрөнгийг хэмнэх, цаашлаад байгаль хамгааллын салбарт, эсвэл орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах боломжтой болох зэрэг давуу талууд гарч ирдэг гэсэн үг.  
Харин одоо дээр дурдсан өгүүлбэрээс нэг зүйлд хамтдаа анхаарлаа хандуулъя. “...нөөц баялгийг давуу эрхтэйгээр ашиглах...” гэж байгаа. Харамсалтай нь, нөхөрлөлүүд ойгоос орлого олох боломж нь өнөөдрийн байдлаар нөхцөл байдал, цаашлаад хууль эрх зүйн хувьд учир дутагдалтай байна. Угтаа энэ нь хэдийгээр хуулийн талаасаа (бичиг баримт талаасаа) эрх зүйн орчин нь бүрдсэн ч амьдрал дээр бодитоор хэрэгжихид тушаа болсон олон асуудал тулгамдаж байгаа юм. Цаашлаад энэ нь нөхөрлөлийн гишүүдийн ур чадвар, мэдлэг боловсролтой нь хамаатай асуудал болчихоод байна. 
Юутай ч эхний ээлжинд Монгол Улсын Засгийн газар ойг эзэнтэй, хараа хяналттай болгох үүднээс малчид, нутгийн иргэдээс бүрдсэн нөхөрлөл байгуулах ажилд нэлээд анхаарч, үүнд олон улсын төсөл хөтөлбөрөөс дэмжлэг авсан. Нөхөрлөлүүд тодорхой газар нутгийг эзэмшиж, хамгаалж эхэлснээр хэн дуртай нь хууль зөрчих аргагүй болжээ. Төр нүд чихтэй, гар хөлтэй болсон нь энэ. Нэг үгээр хэлбэл, нутгийн иргэд, нөхөрлөлийнхөн бол ойг хамгаалдаг, бас арчилдаг ногоон бүсийн дархан эрхтэй савдгууд юм. 
Харин одоо дараагийн алхам юу байсан бэ? Ойн нөхөрлөлүүд хамгаалж, халамжилсныхаа хэрээр урам авдаг тогтолцоо үгүйлэгдэж эхэлсэн юм. Хамгаалаад ашиг олчихдог, үүнийг нь хууль эрх зүйн орчны таатай нөхцөлөөр дэмжих асуудал яг одоо чухал сэдвийн нэг болоод байна. Үүнтэй холбоотойгоор нөхөрлөлүүдийг мэдлэг, ур чадвартай болгох, шат дараатай, төлөвлөгөөт сургалтуудыг НҮБ-ын ХХАА-н байгууллага (FAO)-ын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн шингэлтийг нэмэгдүүлэх” төсөл хэрэгжүүлж байгаа билээ. 
...Ойд бага оврын трактор байх агаад хажууд нь арчилгаа, цэвэрлэгээнээс гарсан мөчрийг нэг дор овоолсон харагдав. Харин тракторт чиргүүл гэж болохоор төмөр зүйлийг холбосон байх аж. Тэрхүү төмөр “авдар”-ын амсар нь нэлээд том бөгөөд модны хаягдлыг хийх зориулалттай нь илт. Ийнхүү трактор тачигнан асч, ажиллаж эхлэхэд мөнөөх модны хаягдал мөчир, гишүүг нэг нэгээр хийж гарав. Энэ үед нэг өнцөгт нь суурилуулсан яндан аятай урт хоолойгоор мөчрүүд үртэс болон гарч байлаа. Төсөөлбөл, ургацаа хурааж буй комбайнаас улаанбуудай асгарч буй мэт. Угтаа хаягдал гишүү, мөчрийг үртэс болгон жиргэж жижгэлээд, дараа нь шахаж боловсруулан, хорголжин түлш гаргах технологийн анхан шатны сургалтыг ойн нөхөрлөлийн гишүүдэд бодитоор үзүүлж буй нь энэ юм.  НҮБ-ын ХХАА-н байгууллага (FAO)-ын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн шингэлтийг нэмэгдүүлэх” төсөл одоогийн байдлаар гэхэд л нөхөрлөлийн 28 гишүүнийг ойд арчилгаа хийх чадамжийн сургалтад хамруулж, гэрчилгээ олгоод байна. Сургалтын багшаар Монголын мэргэшсэн доктор, профессорууд ажилласан бөгөөд Зүүнхараа политехник коллежтой хамтарсан нь нэлээд үр дүнтэй ажил болсон хэмээн тус төслийн Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Солонго дүгнэв. 
“Гишүүдээ бид энэ төсөлд хамруулж мэргэшүүлээд авах нь чухал байна. Ойг арчилна гэдэг, малаар төсөөлбөл алийг нь заазлах уу, алийг нь өсгөх үү гэдэгтэй адил юм. Ойгоо насны ангиллаар, шат дарааллаар нь арчилгаа хийх боломжтой болно. Сая сургалтад хамрагдаж, чадамжийн гэрчилгээ авсан. Сургалтаар арчилгааны дөрвөн ангиллын эхний хоёрыг хийж сурлаа. Энэ мэтээр бага багаар мэргэшээд, ойгоо тогтвортой ашиглах менежментэд суралцаад авбал болох нь тэр” гэж Н.Цолмон нэмж ярилаа. 
Байгаль экологи, хүний амьдралын ахуйн хамгийн өндөр хэрэглээний, юугаар ч сольшгүй нөхөн сэргээгдэх баялаг бол ой. Хүн төрөлхтөн өдгөөг хүртэл модон түүхий эдээс өөрсдийн хэрэглээний зориулалтаар 22,0-23,0 мянган нэрийн бодис, материал, бүтээгдэхүүнийг олон хэлбэрийн технологи бүхий үйлдвэрлэлийн аргаар гарган авч, амьдрал ахуйдаа тогтмол хэрэглэдэг гэх судалгаа бий. Хүний амьдрал ахуйд хамгийн тохиромжтой, олзворлож боловсруулахад хялбар, экологийн орчин бүрдүүлдэг зэрэг чанараараа бусад байгалийн баялгаас онцгой ялгардаг тул хэрэглээний хүрээ нь ч асар их. Харамсалтай нь, ойн ихэнх баялаг газрын хөрсөн дээр ил байдаг тул гаднын нөлөөнд хялбар өртдөг. 
С.Андрю: Нөхөрлөлүүд чадавхжсанаар төрийн ачаа хөнгөрөх сайн талтай 
НҮБ-ын ХХАА-н байгууллагын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн шингэлтийг нэмэгдүүлэх” төслийн Техникийн ахлах зөвлөх Инглис С.Андрюгээс зарим зүйлийг тодрууллаа.  
-Төслийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаармаар ямар асуудал байна вэ? 
-Үнэндээ Монголын хууль эрх зүйн орчин нөхөрлөлүүдэд одоогийн байдлаар тийм ч таатай, тустай байж чадахгүй байна. Иймд энэ тал дээр бичиг баримтыг сайжруулах, хэрэгжүүлэх бололцоог бүрдүүлэх нь чухал юм. Манай төслийн зүгээс ойд арчилгаа хийх арга техникийг зааж, мэргэшүүлэх, зах зээлд бүтээгдэхүүнийг борлуулах, тээвэрлэлтийн асуудлыг хамгийн ашигтай хувилбараар шийдвэрлэх гээд зохицуулалтын олон асуудалд анхаарч байна. Хууль эрх зүйн орчныг айжруулахад шинээр шаардлагатай дүрэм журмыг боловсруулж, санал болгох, зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байна. 
-Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаармаар ямар зүйл ажиглагдав. Монголын ойн нөхөрлөлүүд та бидний хүсээд байгаа шиг богино хугацаанд чадавхжих боломж хэр байна вэ?  
-Миний хувьд ойн нөхөрлөл, хоршоо, бүлгийг чадавхжуулах чиглэлээр дэлхийн олон оронд ажиллаж байсан. Монголчуудын хувьд аливаа асуудлыг хурдан шийдвэрлэх, богино хугацаанд сурч, сурснаа амьдрал дээр хэрэгжүүлэх зэрэг талдаа илүү чадвартай нь харагдсан. Харамсалтай нь, орон нутгийнхны ийм чадварыг нь төр, засаг нь үнэлэхгүй, дэмжихгүй байна. Өөрөөр хэлбэл, боломж олгодоггүй нь харамсалтай санагддаг. Ийм нөхцөлд миний бодлоор нөхөрлөлүүд зорилтот сургалтад хамрагдсанаар илүү чадвартай болно. 
Дэлхий нийтэд ойн салбарын төрийн албаны хүмүүс нь хувийн аж ахуй, мэргэжлийн байгууллагаа түшиглэж, тулгуурлан нягт хамтран ажилладаг. Гэтэл орон нутгийн иргэддээ тийм ч ач холбогдол өгдөггүй нийтлэг үзэгдэл. Монголд ч бас энэ байдал түгээмэл байна. Нэг үгээр хэлбэл, ойн инженер, техникчид тэртэй тэргүй номыг нь үзээд, боловсролоо эзэмшчихсэн мэргэжлийн хүмүүс. Тэгэхээр нутгийн иргэдийг чадавхжуулж, хамтын ажиллагааныхаа балансыг тэнцвэржүүлээсэй гэж хүсэж байна. 
-Үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ. Яг ямар өөрчлөлт, ахиц гарахаар тооцож байгаа вэ?  
-Товчхондоо, Монгол орны ойн зүй зохистой ашиглалт, хамгаалалт нөхөрлөлүүдийн оролцоотойгоор сайжирсан. Мөн нөхөрлөлүүд хянаж, хамгаалахын хэрээр ойгоос олох ашиг орлого нь нэмэгдэх нөхцөл бүрдэнэ гэж харж байна. Үүний хэрээр Монгол Улсын Засгийн газраас ойг хамгаалах чиглэлээр хүлээх үүрэг, оролцоо нь багасаж, ачаа нь хөнгөрөх нөхцөл бүрдэх учиртай. Аль ч улсын Засгийн газар ойн аж ахуйн чиглэлээр явуулдаг үйл ажиллагаанд их хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Гэвч үргүй зардал болох нь түгээмэл юм. 
Цаашлаад нөхөрлөлүүд чадавхижаад ирэхээр улсад тодорхой хэмжээний татвар төлдөг болох нь ойлгомжтой. Төсөвт оруулах хувь нэмэр юм. Тухайлбал, хорголжин түлшний хэрэглээг нэмэгдүүлснээр нүүрсний хэрэглээ буурах сайн талтай. Ерөнхийд нь багцалж дүгнэвэл нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын ачаа хөнгөрнө. Хоёрдугаарт, ой эрүүлжиж хамгаалалтад орно, нөхөрлөлүүд энэ хэрээр сэтгэл хангалуун амьдарна. Энэ бүхэн бидний  хүлээсэн үр дүн.