Мэдээ мэдээлэл

Нөхөрлөлийн нөлөө буюу түүхийн сургамж

“Бурхан Будда модны доор мэндэлсэн. Мөн гэгээрлийг олохдоо ч модны нөмөрт бясалгаж байж. Хожим нь таалал төгсөхдөө ч мод барааджээ. Тиймээс буддистууд модыг амьдралын эх булаг гэж үздэг” хэмээн Камбожийн хойд хэсгийн Оддармеанть мужийн буддист лам Бун Салут өгүүлэв. Түүнийг мужийнхаа 18,261 га талбай бүхий ойг хамгаалалтад авч, биологийн төрөл зүйлийг хамгаалж, нөхөрлөлүүдэд байгаль хамгаалахын ач холбогдлыг таниулж буйнх нь төлөө UNDP байгаль орчны төлөөх шагналаар шагнажээ. 
Бун Салутын байгаль хамгаалах сургаалийг баримталдаг нөхөрлөлийнхөн ч амьжиргаагаа гуалин модноос бус мөөг, давирхай, зэрлэг цагаан гаа, улаан лооль, хулс гээд ойн дагалт баялгаар залгуулах болов. Хоёр хүүхдийн эцэг, 26 настай Чиен Ри мөөг, модны давирхай борлуулж гэр бүлээ тэжээдэг бөгөөд сард 130 ам.доллар олчихно. Энэ бол 13.4 сая хүн амтай тус улсын иргэдийн гуравны нэг нь нэн ядуу түвшинд байдагтай харьцуулахад чамлахааргүй орлого. “Ойгүй байсан бол бид бүгдийн амьдралыг төсөөлөхөд бэрх. Оршин суугчид будаагаа дууслаа гэхэд ойгоосоо мөөг, цагаан гаа түүгээд борлуулчихдаг. Хэн нэгнээс мөнгө зээлэх шаардлагагүй” хэмээн Чиен өгүүлэв.
Ойн салбар улс төр, эдийн засгийн хувьд Камбож улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. 1960-аад оноос ой мод нь эрчимтэй багасаж, энэ талбарт “ажлын байр” олноороо бий болжээ. Тус улсын эрх бүхий байгууллагын тооцоогоор 1960 онд нийт газар нутгийн 75 хувийг эзэлж байсан ой 1995 онд 60 хувь болж багасчээ. Харин Дэлхийн банкны мэдээгээр 59 хувь байдаг. Гэхдээ эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой ойн хэмжээ газар нутгийн 30, 20 бүр зургаан хувь болж багассан гэж үздэг төрийн бус байгууллага, байгаль хамгаалагчид ч бий. 
Олон жил үргэлжилсэн дайны дараа НҮБ-ын энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан 1991-1998 онд тус улсаас хулгайгаар болон албан ёсны зөвшөөрөлтэй экспортолсон банз 2.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байв. 1990-ээд оны дунд үе гэхэд Камбожийн экспортын орлогын 43 хувь мод бэлтгэлээс бүрдэж байсан ч үүний өчүүхэн бага хэсэг л албан зөвшөөрөлтэй байв. Хууль бус мод бэлтгэл гаарснаар 1991-1997 онд татварын орлогын 12 хувийг л мод бэлтгэлээс бүрдүүлж байжээ. 1994 онд үндэсний орлогын дөрвөн хувь банзнаас бүрдэж байв. Уг үзүүлэлт 2004 онд 0.5 хувь болж багассан аж. Гэвч энэ аж ахуйгаар 37 мянга гаруй хүн амьдралаа залгуулж байлаа. Харин ойгоос түлш, банз, давирхай болон бусад төрлийн баялгийг хэрэглэж аж төрдөг байсан тосгоны оршин суугчдын тоо үүнээс ч олон. 
1995-1997 онд гадаадын болоод дотоодын цэрэг, улс төрийнхөн Засгийн газартай концессийн гэрээ байгуулж, мод бэлтгэдэг байв. Гаднын төлөөлөгчид дотор бусад орны улс төрийн нөлөө бүхий эрхмүүд байсан бөгөөд тэдний хоёр нь Ерөнхий сайд хүртэл багтсан гэдэг. Концессын гэрээтэй байгууллагуудын үйл ажиллагаа мэдээж хууль бус үйлдлээр дүүрэн. Тэд татвараас зайлсхийж, сонгон шалгаруулалтгүй, экспортын хоригийг үл огоорох нь энүүхэнд. Үүний зэрэгцээ гаднаас мод бэлтгэлээр өрсөлдөж буй дотоодын цэргийн фракцуудыг санхүүгээр тэтгэж байсан нь ойг сүйтгэх бусармаг үйл ажиллагааг улам гааруулжээ. 1991 онд НҮБ-ын байгуулсан энхийн хэлэлцээр ч цэргийн армиудыг гаднаас санхүүжүүлэхийг зогсоож чадсангүй. 
Зовлонд унасан ой ба иргэд
1990 оны сүүлч үе гэхэд Камбожид гадаадын 30 гаруй компани концессоор мод бэлтгэдэг байв. Засгийн газар ийнхүү хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлснээр ой ашиглалт сайжирна гэж хүлээж байв. Энэ бол жилд ойн 6.5 сая га талбайгаас 100 сая ам.доллар улсын мөнгөний авдарт ордог үе. Гэтэл хяналт муутай концессийн тогтолцоо удалгүй огцом уналтад орсон байна. Ой ашиглалтаас улсын санд төвлөрдөг мөнгө өчүүхэн бага. Харин банз бэлтгэдэг компаниуд энэ байдлыг далимдуулан ойн нөөцийг хайр найргүй улангасан ашиглаж, нөхцөл байдал аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрэв. 1997 оны байдлаар хууль бусаар бэлтгэж буй банзны хэмжээ жилд дөрвөн сая шоо метрт хүрдэг байсан гэх статистик бий. Энэ бол тогтвортой ашиглах ёстой нөөцтэй харьцуулахад найм дахин их тоо юм. 
Үүний эсрэг Засгийн газар 2002 онд мод бэлтгэлийн концессийн журмаа шинэчлэв. Гэсэн ч шинэчлэгдсэн гэх энэ журамд Засгийн газар ойн сан бүхий талбайд тариалан эрхлэх, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн тариалах зөвшөөрөл олгохоор тусгасан байжээ. Ой мод багасах болсноор цөлжилт сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн ч ойн газар нутгийг өөр зорилгоор ашиглах нь багасахгүй байв.
Түүгээр ч үл барам мөөг, түлш, давирхай, хулсан ороонго гээд ойн дагалт баялгийг ашиглаж аж төрдөг нутгийн зутруухан иргэд олон саяараа үгүйрэн хоосорчээ. Камбожийн хөдөөгийн оршин суугчдын бараг тал хэсэг буюу таван сая гаруй хүний амьжиргааны 20-50 хувь нь ойгоос хамааралтай гэх судалгаа бий. Харин 15 хувь буюу нэг сая иргэн амьдралаа бараг тэр чигт нь ойгоос залгуулдаг. 
Шинэ мянганы эхээр Мянганы сорилын сан гэх мэт олон улсын Засгийн газрын донор байгууллагууд Камбожийн эрх баригчдыг тулгамдсан асуудал болсон ойн хямралаа шийдэх арга зам олохыг шаардаж эхлэв. 2002 онд Ядуурлыг бууруулах үндэсний стратеги хэмээх бодлогын баримт бичиг баталсан нь олон улсын дэмжлэг авч, бүхий л салбарын үйл ажиллагааг ядуурлыг бууруулах үндэсний зорилтыг хангаж ажиллахыг шаарджээ. 2003 онд эрх баригчид Мянганы хөгжлийн зорилтдоо хүрэхийн тулд 2015 он гэхэд нийт газар нутгийн 60 хувийг ой болгох зорилт тавив.
Нөхөрлөлүүд бүрэлдсэн нь
Засгийн газар ойн хямралаасаа гарах гарц шийдэл эрэлхийлж байсан нь эцэс сүүлдээ нөхөрлөлүүдийг бий болгов. Ойг хамгаалах, зохистой ашиглалтыг нь хангах нөхөрлөлийн үр хөврөл 1990-ээд оны дунд үеэс бүрэлджээ. Иргэд, донор орнууд, төр засгийн төлөөлөлөөс бүрдсэн ажлын хэсэг ойг хамгаалах үндэсний бодлого боловсруулж, хууль эрх зүйн суурийг тавьжээ. 
Ойг зохистой ашиглахад залуурчийн үүрэг гүйцэтгэсэн тэдний төсөл амжилттай болсноор ойг орон нутгийн иргэдийн оролцоотой хамгаалах үндэсний хөтөлбөр батлах Засгийн газрын ажил нэг шат урагшлав. 2002 онд баталсан шинэ хуулиар Камбожийн Ойн яам орон нутгийн иргэдийн мэдэлд ойн талбай олгож эхэлжээ. Удалгүй 2003 онд Засгийн газар нөхөрлөл бол ойг хамгаалах үндэсний бодлого хэмээн үзэж, тогтоол гаргажээ. 
Гэхдээ үнэн хэрэгтээ 2002 оны хууль, 2003 оны тогтоол нь нөхөрлөлүүдийн хувьд тунхаг төдий цаас л байлаа. Олон улсын байгууллагууд, донор орнууд үйл ажиллагаагаа Ойн яам, орон нутгийн засаг захиргаа, иргэдийг ойг хамгаалах жишиг загвар бүхий талбайг нөхөрлөлүүдэд олгоход дэмжлэг үзүүлэхэд чиглүүлж байв ч үнэндээ бүх зүйл тодорхойгүй байдал, бартаа саадаар дүүрэн байв. Нөхөрлөлүүд ойг ямар арга замаар хамгаалах, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд мэдэхгүйн зовлон их. Ойг хамгаалах, зүй зохистой ашиглах талаар иргэд ямар ч мэдлэггүйн дээр тэднийг сургах боловсон хүчин, үйл ажиллагааг нь чиглүүлэх гарын авлага ч байсангүй. Улмаар нөхөрлөлүүдийн мэдлийн газар нутаг нь албан ёсны бус гэгдэж, хөндлөнгийн үгүйсгэгчдийн зүгээс арилжааны зорилгоор ашигладаг ойн талбайд заналхийлж байна гэх зэрэг эсэргүүцэлтэй тулгарав.
2006 онд Ойн яам “Prakas” хэмээх нөхөрлөлүүдэд зориулсан гарын авлага гаргалаа. Нөхөрлөлийг хөгжүүлэх олон арга хэмжээний нэг болсон “Prakas”-д ойг хууль ёсоор зүй зохистой ашиглах, нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа чухам ямар байх вэ гэдгийг нэгд нэгэнгүй тусгажээ. Ингээд таван жилийн дотор буюу 2011 он гэхэд нөхөрлөлүүдийн мэдэлд 400 орчим га талбай бүхий 450 гаруй газар очсон байв. Гэхдээ үндэсний хэмжээнд хэдэн өрх нөхөрлөлийн гишүүн болохыг тогтоосон албан ёсны тоо баримт байсангүй. Харин RECOFTC төслийн мэдээгээр Камбожийн ойн бүсийн бараг тэн хагас нь 450 тосгоны 60 гаруй мянган өрхийн хамгаалалтад орсон гэх тоо бий.
Ойн савдаг гэгдэх нөхөрлөлүүд Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд одоо ч гэсэн гол тоглогчид хэвээр. Камбожийн 2010 онд баталсан Үндэсний ойн хөтөлбөрөөр 2030 хүртэл ойгоо тогтвортой ашиглахаар заасан бөгөөд хамгийн чухал нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс гардаг зардлыг нэмэхээр тусгажээ. Мөн 2030 он гэхэд албан ёсны статустай нөхөрлөлийн тоог нэг мянгад хүргэх зорилготой. Өөрөөр хэлбэл, нөхөрлөлүүдийн хамгаалж буй ойн талбайг нэг сая га-д хүргэнэ гэсэн үг. Гэвч энэ нь нийт ойн талбайн ердөө 10 хувь юм.
Одоо бол Камбож улс 2020 он хүртэл ойгоо нөхөн сэргээж, газар нутгийнхаа 60 хувийг ойжуулна гэсэн зорилттой. Ойн салбарын бодлогыг тууштай, үр дүнтэй хэрэгжүүлж, нөхөрлөлүүдийн идэвхтэй үйл ажиллагааг хангаж ажиллах нь дээрх зорилгын биелэлтэд чухал нөлөөтэй юм.