Мэдээ мэдээлэл

Австралид асч буй түймэр Сибирьт гарсан түймрээс хоёр дахин их газар нутгийг хамраад байна

Манай дэлхийд ойролцоогоор 1.2 их наяд орчим мод тарихуйц хангалттай их зай, талбай байгаа тул үүнийгээ ашиглан тийм хэмжээний талбайг ойрын 10 жилийн хугацаанд ойжуулвал хангалттай их хүчилтөрөгч хадгалах багтаамжтай болж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах боломжтой хэмээн Швейцарын Их сургуулийн экологич Томас Кроувтер шинэ судалгаагаа олонд дэлгэжээ.

"Мод нь цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хамгийн том зэвсэг" хэмээн судлаач онцолсон байна.

Хиймэл дагуулаас авсан ой модны талаарх тоон мэдээллээр дэлхий дээр ойролцоогоор гурван их наяд орчим мод байгаа ч богино хугацаанд устаж үгүй болж байгааг мөн анхааруулсан.

Үүнтэй холбогдуулан сүүлийн жилүүдэд дэлхий даяар мод тарих ажил эрчимтэй өрнөж байгаа. НҮБ-ын гаргасан "Их наяд мод тарих" кампанит ажлын хүрээнд дэлхий даяар ойролцоогоор 15 тэрбум орчим мод тариад байгаа аж. Түүнчлэн "Байгаль руугаа буцах" буюу ойн санг нэмэгдүүлэх үйл явц Европт эрчимжсээр байна. Тодруулбал, 2018 оны байдлаар Европын холбооны нийт нутаг дэвсгэрийн 42 хувийг ой эзэлж байгаа юм.

Харамсалтай нь, сүүлийн хоёр жилд дэлхийн ойн нөөц бүхий газруудад дөрвөн том түймэр гарав. 2018 онд Калифорнид гарсан түймэр 2 сая акр газрыг хамарсан бол 2019 оны 1-р сард дэлхийн хүчилтөрөгчийн 25 хувийг бүрдүүлэгч Амазоны ойд хүчтэй түймэр дэгдсэн. Үүнтэй зэрэгцэн ОХУ-н Сибирийн ойд гарсан түймэр 6.7 сая акр газар хамарсан юм. Улмаар агаар мандалд 49 мегатонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгарсан нь 36 сая автомашинаас ялгарах утаатай тэнцэхүйц хэмжээтэй гэжээ.

Харин өнөөдрийг хүртэл үргэлжилж буй Австралийн түймэр нь Сибирьт гарсан түймрээс даруй хоёр дахин их газар нутгийг хамраад байна.

Тэгвэл нийт газар нутгийн 11.8 хувь буюу бусад улс оронтой харьцуулахад маш бага ойтой манай улсад ой, хээрийн түймрийн тоо 2015 он хүртэл тогтмол өсөж, 2016 оноос аажмаар буурч байгаа.

Бага хэмжээтэй хэдий ч Монгол орны ой гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг эндэгдэл эрсдлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, ургамал бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой. Түүнчлэн Сибирийн их тайгын үргэлжлэл, дэлхийн гурван томоохон усан хагалбарыг дагаж ургадаг уулын ой гэдгийг Монгол улсын ойн сангийн тайланд дурджээ.

Энэ чухал ач холбогдол бүхий ойн санг хамгаалахад байгаль хамгалагчид, сум дундын ойн ангиуд үүн дээр ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа онцлох үүрэгтэй. Тухайлбал, тусгаарлалт хийлгэж, хариуцан авсан талбайдаа ойн түймэр гаргахгүй 11 жил арчилж буй ойн нөхөрлөл байдаг. Мөн ойн нөхөрлөлийн хариуцсан талбайд хууль бус мод бэлтгэл, хулгайн ан ч бараг гардаггүйг Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгонд байрлах сум дундын ойн ангийн дарга М.Нямжаргал хэлж байв.

Нийт ой, хээрийн түймрийн 90 хувь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн байдгийг мэргэжлийн байгууллагууд мөн мэдээлдэг. Энэ нөхцөлд Монгол Улс төдийгүй дэлхийн хэмжээний асуудал болон яригдаж буй ойн санг хамгаалах ажилд ойн нөхөрлөл, ойн ангиудын үүрэг хамгаас чухал нөлөөтэй байна.