Мэдээ мэдээлэл

"Амьдралын сүлжээ"-г хамгаалахад суралцсан ТАВАН ЖИЛИЙН ҮР ДҮН

Ойн нөхөрлөлүүд,  ойн  ангиудыг дэмжих замаар биологийн олон янз байдлыг  хамгаалж, ойн тогтвортой менежментийг бий болгох зорилготой  БОАЖЯ, НҮБ-ын ХХААБ-ын хамтарсан төсөл таван жилийн хугацаатай хэрэгжин өндөрлөж байна.

Төсөл нь "Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх төсөл"  хэмээх урт нэртэй бөгөөд чухал гурван  агуулгатай. Тодруулбал,

  • Биологийн олон янз байдлын хамгаалал нь байгальд буй бүхнийг /ой, амьтан, ургамал г.м/ хайрлах, хамгаалах тухай.
     
  • Тогтвортой менежмент нь манай улсын хувьд 1990-ээд оноос хойш орхигдсон ойлголт гэж хэлж болох ойг ашиглах тухай юм. Бидэнд байдаг хэвшмэл ойлголтоор "Хэзээ ч мод тайрч болохгүй". Гэтэл ойг арчлах, модлогийг нэмэгдүүлэх нь тайрахаас эхэлдэг. Төсөлд хамрагдсан нөхөрлөлүүд ойд арчилгаа хийх чадавхтай болж, ойн дагалдах баялгаар гар урлалын зүйл хийж, өрхийн санхүүгээ дээшлүүлэх боломж бүрджээ.
     
  • Ингээд биологийн олон янз байдал хамгаалагдаж, ойн тогтвортой менежмент бий болсноор зөвхөн нөхөрлөлүүд буюу орон нутгийн иргэд өрхийн санхүүгийн чадавхаа дээшлүүлээд зогсохгүй хамгаалагдсан  ой гол мөрний усны нөөцийг зохицуулах,  хөрсийг эндэгдэл эрсдэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх хамгийн чухал үүргээ биелүүлэх юм.

Төслийн үр дүнд нөхөрлөлүүд ямар ямар чадавхтай болсон, тэдний хүрсэн ололт амжилтуудыг ажлынх нь үр дүнд тулгуурлан харцгаая.

Биологийн олон янз байдал буюу “АМЬДРАЛЫН СҮЛЖЭЭ”-г хамгаалах нь

Биологийн олон янз байдал буюу “Амьдралын сүлжээ” гэх ойлголтод амьд юмс болох ургамал, амьтан, бичил организм эдгээрийг агуулж байдаг экосистем бүхэлдээ багтдаг.

2019 онд нийтлэгдсэн НҮБ-ын тайланд “Биологийн олон янз байдал урьд өмнө байгаагүй хурдтайгаар устаж, дэлхийн аль ч өнцөгт байгаа  хүний амьдралд маш ноцтой нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа”-г онцлон тэмдэглээд буй.  

Энэ үед дэлхийн экосистемийн нэг  чухал  хэсэг буюу хуурай газрын гуравны нэгийг эзэлж ургамал, амьтан, шавж хорхойн төрөл зүйлийн амьд организмын 80 гаруй хувийнх нь амьдрах орчин болдог ойн санг түшиглэн биологийн олон янз байдлыг хамгаалах төсөл амжилттай хэрэгжлээ.

Монгол Улсын хэмжээнд 1,281 ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байгаагаас Хэнтий, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн ойн санг гэрээгээр эзэмшдэг эдгээр 101 нөхөрлөл төсөлд хамрагдсан. Эдгээр нөхөрлөлүүд л гэхэд таван аймгийн нутагт экологийн чухал дөрвөн бүс, усны эх бүрэлдэх 10 голын сав газар, Монгол Улсын нийт ойн долоон хувийг хариуцан хамгаалж байна.

Нөхөрлөлүүд биологийн олон янз байдлын хамгаалалд ямар хувь нэмэр оруулж байгааг зөвхөн Хэнтий аймгийн жишээн дээрээс харахад л бодитой хэд хэдэн үр дүн гарчээ.

Хэнтий аймгийн Норовлин сумын Д.Гомбо ахлагчтай Баян-Уул нөхөрлөл 3,500 га талбайг хариуцан хамгаалдаг бөгөөд тус талбайгаасаа түүж авсан тарваганы хавхаар бүтэн амбаараа дүүргэчхээд буй. 2015 оны статистикаас харвал, Хэнтий аймагт монгол тарвага устаж байгаа гэх мэдээ байсан. Тэгвэл Баян-Уул нөхөрлөлийнхөн хариуцсан талбайнхаа тарваганы тоо толгойг өдгөө 1,000 гаруйд хүртэл нь хамгаалаад байна.

Үүндээ нөхөрлөлийн гишүүд ч урамшиж, идэвх чармайлт нь улам бүр нэмэгджээ. Гэхдээ хууль бусаар тарвага агнах гэсэн нутгийн болон аялж зугаалж яваа иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар байгаа аж.

Түүнчлэн Хэнтий аймгийн Тэнүүн, Хөмөл-Балж, Баян-Уул нөхөрлөлүүд автомат камерын судалгааг 2019 оноос туршиж байна. Нөхөрлөлүүдийн хариуцсан ойн сан бүхий нутагт хөдөлгөөн мэдрэгчтэй камер байршуулснаар хүний оролцоогүйгээр зэрлэг амьтны байршил, тархалт, тоо толгой, идэш тэжээл, тухайн жилийн төлийн байдлын судалгааг хийх боломж бүрджээ.

Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар байгалийн олон янз байдлын судалгаа хийхээс гадна цаг уурын өөрчлөлт, хууль бус ан агнуур болон мод бэлтгэл, малын хулгайн үйл ажиллагааг хянах ч боломжтой юм байна.

Автомат камер буга, бор гөрөөс, цагаан зээр гэх мэт хөхтнүүдийн хууль бус агнуураас сэргийлэхэд үр дүнтэй байгааг төслийн Хэнтий аймаг дахь зохицуулагч З.Ууганбаяр онцлон хэлж байв. Автомат камеруудыг байршуулсан талаар мэдээллийг олон нийтэд тараадаг ч байршлыг нь нарийн тодорхой зарладаггүй учир хууль бус ан хийх гэсэн сэдэлтэй хүмүүс тухайн бүсээр зорчихгүй болж, камерууд хамгааллын хэрэгсэл болдог байна.

Төслийн дэмжлэгтэйгээр 14 нөхөрлөл хөхтөн амьтдын, хоёр нутагтан, ургамалжилтын ажиглалт судалгааг хийдэг болжээ. Ийнхүү биологийн олон янз байдлын судалгааг тогтмол хийснээр зэрлэг амьтдын байршил тогтворжиж, тоо толгой өссөн эерэг үр дүнг дагуулсан байна.

Хүний зохисгүй үйл ажиллагаа, хортон шавж, хууль бус мод бэлтгэл, түймрээс шалтгаалан манай оронд ойн эзлэх талбай багассаар 1950 оныхоос бараг хоёр дахин буураад байгаа тул нөхөрлөлийн гишүүд болон нутгийн иргэдийг ойн хортон шавжийг хэрхэн таних, устгах, түймрээс урьдчилан сэргийлэх зэрэг сургалтуудад хамруулж, чадавхжуулжээ.

Ойг арчлах буюу модлогийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд “огтлох” хэрэгтэй

1990 оноос өмнө ойн арчилгааны ажил нэлээд эрчимттэй хийгддэг байсан бол түүнээс хойш хамгааллын ажил эрчимжиж “Ногоон модонд хүрч, тайрч болохгүй гэсэн ойлголт бий болоод байгааг БОАЖ-ын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа хэлсэн юм.

Мөн тэрбээр “Ойн арчилгааг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх ёстой. Арчилгааны ажлыг мал аж ахуй эрхлэхтэй зүйрлэж болно.Өвлийг давахгүй гэж үзэж байгаа малыг заазалдагтай адилаар өсөлт хөгжил нь бага байгаа модыг авч, зөв бүтэцтэй ургаж байгаа модонд илүү сайн ургах боломжийг олгох хэрэгтэй. Ойд дөрвөн хэлбэрийн арчилгааны ажил хийгддэг. Нэг, хоёрдугаар хэлбэрийн арчилгаагаар гэрэл, шим тэжээлийн төлөөх өрсөлдөөнийг багасгаж,  модлогийн хэмжээ нэмэгддэг бөгөөд энэ арчилгааны ажлыг төсөлд хамрагдсан нөхөрлөлүүд хийх чадавхтай болсон. 6-7 хүний бүрэлдэхүүнтэй ойн анги дийлэнх тохиолдолд 3-4 сумын ойн санг хариуцан өндөр ачаалалтай ажилладаг учраас ойн нэг, хоёрдугаар хэлбэрийн арчилгаанд нөхөрлөлүүд,  иргэдийг татан оролцуулах шаардлага тулгарч байгаа юм.

Гурав, дөрөвдүгээр хэлбэрийн арчилгааг хийхэд онолын болон техникийн мэдлэг шаардлагатай учраас ойн мэргэжлийн байгууллагууд, ойн ангиуд хийнэ” гэдгийг хэлсэн юм.

Нэг га талбайд нэг, хоёрдугаар хэлбэрийн арчилгааны огтлолт хийх норматив зардал 120 мянган төгрөг байдаг бөгөөд төслийн хүрээнд норматив зардлын судалгааг хийж 300 мянган төгрөг болгох саналыг  БОАЖЯ-нд танилцуулаад байгаа ажээ. Норматив зардал нэмэгдвэл нөхөрлөлүүд арчилгааны огтлолт хийх сонирхол нь нэмэгдэнэ хэмээн үзэж буйгаа Б.Оюунсанаа дарга хэлж байв.

Нөхөрлөлүүд ойн нэг, хоёрдугаар хэлбэрийн арчилгаа хийж огтолсон модоо өөрсдөө авах эрхтэй бөгөөд түүгээрээ гар урлалын зүйл хийх аргад мөн суралцжээ. Нөхөрлөлүүдийн үйлдвэрлэсэн гар урлал, бэлэг дурсгалын зүйлийн борлуулалтыг дэмжих зорилгоор ОЙН БАЯЛАГ /МОДОН УРЛАЛ/ фэйсбүүкийн пэйж хуудсыг ажиллуулж эхэлсэн байна.

Дотоодын аялал жуулчлал ихтэй байгаа энэ жил Хэнтий аймгийн Дадал суманд долдугаар сард гэхэд л 1,000 гаруй аялагч очиж, бэлэг дурсгалын зүйл ихээр худалдан авсан талаар Батцагаан нөхөрлөлийн дарга н. Нэргүй ярьсан юм. Тиймээс нөхөрлөлүүд нийлж, ойн арчилгаанаас гарсан болон унанги модор хийсэн гар урлал, бэлэг дурсгалын зүйл ихээр үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Төсөлд хамрагдсан нөхөрлөлүүдийн хамтран байгуулсан нөхөрлөлүүдийн холбооны зүгээс цаашид аялал жуулчлал бага байгаа аймгуудад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг аялагч ихтэй бүсэд аваачин худалдаалах, тасралтгүй санхүүгийн эх үүсвэр болгох чиглэлд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 2021 онд Хэнтий аймгийг зорих аялагчид бага байвал бүтээгдэхүүнийг нь Хөвсгөл аймагт аваачин худалдаалах гэх мэт.

Ойн тогтвортой менежмент буюу ойн дагалдах баялаг, зохистой агнуурын тухайд

 

2017 онд Сэлэнгэ аймагт самар маш сайн ургасан. Тухайн жил зөвхөн Зүүнхараа суманд гэхэд самраас хоёр тэрбум төгрөгийн орлого орж, түүнийгээ сумынхаа бүтээн байгуулалтын ажилд зарцуулж байсан сайн жишээ бий.

Мөн аргаль хамгааллын ажлыг маш сайн хэрэгжүүлж буй баруун аймгууд үржилд орох боломжгүй, хөгширсөн нэг аргалиа гэхэд 300,000 ам.доллароор үнэлэн гадны анчдыг татаж байна.

Гэхдээ нэг байгаль хамгаалагчид өндөр уулын бүсэд-100,000 га, ойт хээрийн бүсэд-120,000 га, тал хээрийн бүсэд 500,000 га, цөлөрхөг хээрт -600,000, цөлийн бүсэд 800,000 га  талбай ногдож байгаа өнөөгийн нөхцөлд төр дангаар байгаль орчныг хамгаална гэдэг боломжгүй. Харин биологийн олон янз байдлын талаар мэдлэгтэй болсон, ан амьтны мониторинг судалгааг тогтмол хийж чадавхажсан нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж, менежментийг нь өгчихвөл амьтад хамгаалагдахын сацуу орлого олох боломж бүрдэх юм.

Хэнтий аймгийн Биндэр суманд зохион байгуулагдсан төслийн хаалтын арга хэмжээнд НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра оролцох үеэрээ “Ой болон бусад эмзэг экосистемийг тогтвортой удирдаж, нөөцийг зөв ашиглах нь  уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, өнөө болон ирээдүй хойч үеийн хөгжлийг зөв чиглүүлэх үндэс мөн. Түүнчлэн ой нь ядуурлыг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй байдаг. Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд нь цаашид үргэлжлүүлэн энэ чухал салбарыг дэмжин ажиллана” гэдгийг илэрхийлсэн юм.

Ойн, биологийн олон янз байдлыг хайрлан хамгаалах бол нэн тэргүүний асуудал үүн дээр арчлах, зохистой хэмжээнд ашиглах боломжтой нь харагдаж байна.

Түүнчлэн БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл ойн сан, биологийн олон янз байдлыг хамгаалах мэдлэг, чадавхтай болсон, хамгаалж чадаж байгаа иргэд, нөхөрлөлүүдэд эргээд ойн дагалдах баялгаас үр өгөөжийг нь хүртэх эрхийг өгөх ёстой гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж байв.

Ийнхүү “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төсөл амжилттай хэрэгжсэнийг бататган, байгаль орчны чиглэлд хоёр төсөл эхлэхээр болж байна. Тодруулбал, Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгтэйгээр 5 сая ам.долларын өртөгтэй төсөл зүүн гурван аймагт хэрэгжих болсныг НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа дуулгасан бол,Европын холбооны Хамтын ажиллагааны байгууллагаас мод, модон бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжих замаар залууст ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой төслийг мөн хэрэгжүүлэхээр болсныг тус байгууллагын хэлтсийн дарга Пьер Ийв Люкас хэлсэн юм.

Энд бас нэгэн сонирхолтой тооцооллыг танилцуулахад, дэлхий даяар байгаль жилдээ 125 триллион ам.доллартай дүйцэх хэмжээний үйлчилгээг нийгэмд үзүүлдэг байна.

Түүнчлэн хүний хөгжил, сайн сайхан аж төрөх нь байгалийн эрүүл системээс хамааралтай. Өөрөөр хэлбэл эрүүл байгальгүйгээр  хүн төрөлхтөн сайн сайхан амьдрах боломжгүй гэдэг нь улам бүр тодорхой болсоор байгааг "Амьд ертөнцийн тайлан 2018"-д тусгаад буй.