Танин мэдэхүй

Амьд симфони

Амьд симфони 

-Ойгоос эгшиглэдэг тэрхүү гайхалтай симфони нь сая сая жилийн хувьслын явцад төгс төгөлдөр болсон байгаль эхийн дохио юм-

 

...За тэр, урамдаж эхэллээ. Сонсож байна уу, миний охин хэмээн аав минь надад хэлэхдээ шивнэх нь холгүй өгүүлэв. Одоо бодох нь ээ, чухам тэр үед аавын минь нүдэнд гэрэл гялсхийх шиг болж билээ. Дуурайж аялахын аргагүй тийм нэг сонин содон дууг сонсоод би эгээ л инээчихсэнгүй. Учир нь, тухайн үед би мөнөөх буганаас арай өөр хоолой, өөр өнгөөр, бас их уянгалаг дуу хүлээж байсан болохоор тэр. Өнгөрсөн хавраас хойш “Охиндоо энэ намар буга урамдахыг сонсгоно оо, хамт ойгоор явна” хэмээсэн аавын амлалт биелж байгаа нь энэ.

Хэдийгээр буга нэлээд зайтай ч урамдах нь бидэнд хангалттай сайн сонсогдож байлаа. Гэхдээ л хүүхэд юм хойно яаж зүгээр байх вэ. “Аав, дахиад жаахан ойртоё л доо, надад сайн сонсогдохгүй байна” гэж зөрж нэг үзлээ. Харин аав минь тэр үед “Хоёулаа энэ модны доор жаахан хэвтэе. Миний охин нүдээ аниад дахиад сонс. Энэ буганаас гадна зөндөө олон гоё юм сонсогдоно” гээд нөмөрч явсан борооны ногоон цуваа дэлгээд хэвтээд өгөв. Хэвтэнэ гэхийг нь сонсоод эхлээд жаал дургүйцсэн ч зөрж чадсангүй. Хажууд нь эгц дээшээ харж хэвтээд, модны оройг ажиглаж, дараа нь нүдээ аньж хэсэг хэвтлээ.

Харин яг тэр үед ой гэх “амьгүй” мэт энэхүү асар том орон зайд үгээр илэрхийлэхэд бэрх тийм нэг хөг аялгуу сонсогдох шиг болсон юм. Шувууд тасралтгүй жиргэхтэй зэрэгцээд элдэв шавж, ялааны дүнгэнээ, навчсын сэрчигнээн, хаа нэгтээ идшээ хайх тоншуулын тогшоо гээд. Бүгд хоорондоо ярьж тохирсон мэт. Хэн нэгэн удирдаж буй мэт чихэнд таатай хөг аялгууг Хан Хэнтий уулын ойд анх удаа ийн мэдэрч билээ.

Нүдээ аньсан чигтээ анхаарлаа хормын төдийд төвлөрүүлэхэд харснаас илүүтэй мэдээлэл хүлээн авдгийг шинжлэх ухаанаар тогтоосон байдаг. Тэрчлэн ойгоос эгшиглэдэг тэрхүү гайхалтай симфони нь хөгжим биш, харин сая сая жилийн хувьслын явцад төгс төгөлдөр болсон байгаль эхийн дохио юм гэдгийг ухан ойлгосон юм. Цаашлаад ойн симфони улирал улиралд өөр өөрөөр сонсогддог. 

-Алтан гургалдайн овгийнхон доод төвөнхийн булчингаараа донгоддог бөгөөд тэд хамтдаа бүхэл бүтэн цогц бүтээлийг “тоглож” чаддаг-   

Харин өнөө цагт хүн төрөлхтний хөгжил, техник технологийн дэвшлийн нөлөөгөөр ойн нам гүм байдал, хөгжим эгшгийн хөг алдагдсаар байгаа юм. Энэ нь даамжирсаар биологийн олон янз байдал, төрөл зүйлүүдийн тоо толгойд ч нөлөөлж эхэлсэн талаар эрдэмтэд анхааруулах боллоо. Зарим оронд тусгай хамгаалалттай газар нутаг, цаашлаад дархан цаазат бүсийн амьтад хүртэл дуу чимээний бохирдлын нөлөөнд автах болжээ. Судалгаагаар тогтоогдсон жишээ татахад, Африкт авто замаас 30 метр ба түүнээс бага зайд нутагладаг бич, сармагчны тоо толгой дуу чимээнээс болж сүүлийн хориод жилд 45 хүртэл хувиар буурсан байна. Мөн Нидерландын ойн шувууны 60 орчим хувь дуу чимээнээс дайждаг нь батлагджээ. Монгол орны хувьд харамсалтай нь энэ талын судалгааг өнөөг хүртэл хийгээгүй байна.