Мэдээ мэдээлэл

Биологийн олон янз байдлын нэг чухал гишүүн болох тарвагыг сэргээн нутагшуулжээ

Амьтан сэргээн нутагшуулах нь олон талын ач холбогдолтой байгаль хамгааллын чухал хэлбэр болж хөгжөөд байна. Тарвага нүхэнд амьдардаг учраас хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт нөлөөлдөг. Зарим бүс нутгийн  биологийн олон янз байдлын нэг чухал гишүүний хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтойн зэрэгцээ  идэш тэжээлийн хэлхээнд чухал гишүүнд тооцогддог байна.

Төслийн зорилтот бүс нутаг болох Тарвагатай нурууны монгол тарваганы популяцын тархалт тасархайталд орж, тоо толгой эрс цөөрсөн учраас тус нурууны нутагт хамаарах Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хожуулын голын хөндийд Монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг  ШУА-ын Биологийн хүрээлэн, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, нутгийн иргэдийн оролцоотойгоор 2020 оны зургаадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулжээ.  

Газар нутгийг сонгохдоо өнөөгийн цөөн тоотой үлдэж хоцорсон тарваганы популяцид ойртуулж,  тарвага тархан байршиж байсан, байгаль хамгаалагч болон нутгийн иргэдийн хараа хяналт тавих боломжтой, цаашид тоо толгой нэмэгдсэн тохиолдолд тархацаа нэмэгдүүлэх боломжтой гэх мэт нөхцлийг харгалзан авч үзсэн гэж энэ ажлыг зохион байгуулсан судлаач, мэргэжилтнүүд хэлж байна.

Нутагшуулсан тарвагыг хамгаалах, мониторинг хийх ажлыг цаашид хэрхэн зохион байгуулах талаар төслийн Биологийн олон янз байдлын хамгааллын зөвлөх А.Баясгалангаас тодруулахад “Аливаа ан амьтны тоо толгойг тогтвортой байлгах, хамгаалах үр дүнтэй арга нь орон нутгийн нөхөрлөл, малчдын бүлгүүдийн дэмжлэгтэйгээр хийх явдал байдаг.  Нөгөө талаас амьжиргааны гол үүсвэр болох мал аж ахуйгаас болон байгалийн баялагаас ашиг шим хүртэхийн тулд хүрээлэн байгаа байгаль орчин, биологийн олон янз байдлын хамгаалалд малчид нутгийн иргэд  өөрсдөө голлон оролцох ёстойгоо ойлгож байгаль орчноо хамгаалах идэвх эрс сэргээд байгаа.

Нутгийн иргэд сэргээн нутагшуулсан эдгээр тарвагаа өөрсдөө хамгаалахаар зохион байгуулалтад орж эхэлсэн. Тарвага болон бусад амьтны амьдрах орчныг хамгаалах ажлыг энэ газар нутгийн эдгээр малчид,  нөхөрлөлийн гишүүдийн оролцоотой хийнэ. Мөн тухайн нутаг дэвсгэрт ажиглалт явуулах зорилгоор автомат камер суурилуулан хянана. Ингэснээр хууль бусаар ашиг хонжоо хайгч хүмүүсээс бүрэн хамгаалж чадах юм.

Төсөл байгаль хамгааллын үйл ажиллагааг орон нутгийн иргэдийн санал, санаачлага идэвхи чармайлт дээр түшиглэн тэдний шууд оролцоотойгоор хэрэгжүүлэхийг чухалчилж энэ ажлын хүрээнд тухайн нутагт байгаа амьтан, ургамлуудын зүйлүүдийг танин мэдэх, тэдгээрийн үнэ цэнэ, хамгааллын ач холбогдолыг нутгийн иргэдэд ойлгуулан тэдэнд түшиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлыг хэрэгжүүлж эхэлж байна” гэлээ.

 

Эх сурвалж: ensure.mn