Мэдээ мэдээлэл

Д.Баярмаа: Хамтын оролцоотой ойн менежментийг хөгжүүлэх үрийг хүмүүсийн толгойд суулгаж чадсан гэж бодож байна

Зургийн тайлбар: Зүүн гар талаас төслийн Булган аймаг дахь зохицуулагч Д.Баярмаа, нөхөрлөлүүдийн төлөөллийн хамтаар /Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 2019 оны наймдугаар сард болсон ойн нөхөрлөлүүдийн туршлага солилцох уулзалтын үеэр/


"Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх төсөл"-ийн хүрээнд Булган аймагт гарсан үр дүнгүүдийн талаар тус аймаг дахь төслийн зохицуулагч Д.Баярмаатай ярилцлаа.

- Таван жилийн хугацаатай хэрэгжсэн төслийн хүрээнд гарсан эерэг үр дүнгүүдийн талаар мэдээлэл өгнө үү?

- Төслийн нээлтийн хурлыг Улаанбаатарт хийгээд орон нутагтаа очоод бүх оролцогч талуудыг байлцуулаад орон нутгийн ямар ямар бодлого хөтөлбөртэй уялдах боломжтой байна вэ гэдгийг ярилцсан юм. Ингээд Булган аймгийн ногоон хөгжлийн бодлого, бүх нийтийн экологийн боловсролын хөтөлбөр, Засаг даргын мөрийн хөтөлбөрт төслийн үйл ажиллагааг тусгуулж чадсан.

10-20 жил хүртэл урт хугацаанд хэрэгжих хөтөлбөрүүдэд тусгагдсан учраас төсөл таван жилийн хугацаатай хэрэгжээд дууслаа гэхэд төслийн хүрээнд хийгдэж байсан ажлууд зогсчихно гэж айх юмгүй. Төслийн дэмжлэг байхгүй болж байгаа хэдий ч Булган аймагт ойн чиглэлээр хэрэгжсэн өөр төсөл байхгүй учраас цаашдаа бодлогын хувьд үргэлжлээд явах боломжтой.

- Бүх нийтийн экологийн боловсролын хөтөлбөрт тусгагдсан гэлээ. Тэгэхээр түгээн дэлгэрүүлэлтийн хувьд эерэг үр дүнгүүд гарсан байх?

- Тийм ээ. Нөхөрлөлүүдээр дамжуулаад малчдад мэдээлэл өгөх боломжтой байдаг. Манай аймгийн хүн амын 60 хувь нь хүүхэд залуучууд байдаг учраас тэдэн рүү чиглэсэн нөлөөллийн ажлыг нэлээд эрчимтэй хийсэн.

- Булган аймгийн хэмжээнд гарсан үр дүнгүүдийн талаар Та мэдээлэл өглөө. Тэгвэл төсөлд хамрагдсан нөхөрлөлүүдийн гишүүд ямар чадавхтай болж үлдэж байгаа вэ?

- Булган аймгийн хэмжээнд 215 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байгаагийн 26 нь манай төсөлд хамрагдсан. Тэдгээрээс хоёр, гурван нөхөрлөл үлгэр жишээгээр үйл ажиллагаа явуулж, аймагтаа загвар нөхөрлөл хэмээн үнэлэгдэх болтлоо хөгжсөн байна.

Бид мэргэжил олгох чиглэл рүү нэлээд анхаарсан. Төсөл хэрэгжих хугацаанд нийтдээ 189 хүн мэргэжлийн үнэмлэх авсны 109 нь Булган аймгийн иргэд байсан. Ойн аж ахуйн ажилтан, ойжуулагч, мод бэлтгэлийн хөрөөчин, оосорлогч гээд ойн арчилгааны ажлыг хийхэд шаардагдах дөрвөн мэргэжлийг түлхүү эзэмшээд байгаа. Төсөлд хамрагдсан бүх нөхөрлөлөөс төлөөллүүд мэргэжил олгох сургалтад хамрагдсан.

Нөхөрлөлүүд төсөл бичээд тоног төхөөрөмж аваад, үйл ажиллагаагаа эрчимжүүлээд явж байгаа. Тухайлбал, Төслийн санхүүжилтээр хорголжин түлшний тоног төхөөрөмж авсан хэдий ч борлуулалт бага байсан тул малын тэжээл үйлдвэрлээд ашигтай ажиллаж, хөдөө аж ахуйн салбарынхны анхаарлыг татчихаж байна. Орон нутгийнхаа зах зээлийн эрэлтэд нийцүүлээд хөрвөх чадвартай нөхөрлөлүүд байгаа. Тэднийгээ "Та нар мундаг байна. Сайн байна" гээд магттал "Танай төсөлд хамрагдаад нүд нээгдлээ" гэж хариулсан. Сургалт явуулаад ямар үр дүнд хүрэх маань тийм ч тодорхой биш байтал эргээд тийм хариулт сонсож, тэдний ажил үр дүнтэй байгаа нь маш сайхан сэтгэл ханамж өгдөг.

"Хичээл зүтгэл байвал мөнгө багаддаггүйг харуулсан хэд хэдэн нөхөрлөл бий"

- Төслийн хүрээнд нөхөрлөлүүд, ойн ангиудыг чадавхжуулах, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээс гадна орон нутгийн захиргаатай хамтарч ажилласан байх аа. Энэ тухайд мэдээлэл өгнө үү?

- Тийм ээ. Сая төслийн хаалтыг аймгийн төв болон Хялганатад хийлээ. Хаалтын арга хэмжээний үеэр Хангал сумын Засаг дарга "Би анх ажлаа аваад орон нутгаараа явахаар маш олон нөхөрлөл байсан. Тэднийг эхэндээ мод огтолдог хүмүүс гэж харддаг байлаа. Тэгээд нэг удаас танай төслийн хуралд очиж суугаад л ёстой л нүд нээгдэж, нөхөрлөлүүдийг түшиглээд юу хийж болохоо ойлгосон. Та бүхэнд баярлалаа" хэмээн хэлж байсан.

Үүнийг сонсоод хамтын оролцоотой ойн менежментийг хөгжүүлэх үрийг хүмүүсийн толгойд суулгаж чадлаа гэж бодсон.

- Ерөнхийдөө төсөлд хамрагдсан нөхөрлөлүүд гар урлалын чиглэлээр сургалтуудад хамрагдаж, унанги мод, арчилгаанаас гарсан модоор бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхад суралцсан байсан. Танай аймгийн нөхөрлөлийн гишүүд энэ чиглэлд хэр чадавхжсан бэ?

- Ойн нөхөрлөлийн холбоон дээр мужаан цехтэй болсон. Нөхөрлөлүүд жижиг төсөл бичээд эхний ээлжинд хөрөө аваад хийсэн бүтээгдэхүүнээ үзүүлээд дахин төсөл бичээд харуул авах, цаашлаад сийлбэрийн машин гэх мэтээр хөгжөөд, бүтээгдэхүүний нэр төрлөө ахиулаад явж байна. Нэг нэгээр, бага багаар авч байгаа ч хичээл зүтгэл байвал мөнгө багаддаггүйг харуулсан хэд хэдэн нөхөрлөл бий. Нэг нөхөрлөлийн төлөөлөл хаалтын үеэр илтгэл тавиад "Бид хичээвэл дэмжлэг маш их байдаг" гээд хэлж байсан.

Гэхдээ Булган аймгийн хувьд зах зээл жижигтэй учраас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ жуулчин олноор хүлээж авдаг Хөвсгөл аймагт борлуулах санаачилга гараад явж байгаа.

- Ярилцсанд баярлаа. Танд амжилт хүсье.