Мэдээ мэдээлэл

Д.Пүрэвдаш: Нөхөрлөлийн гишүүд өөртөө итгэлтэйгээр нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлж байгаа

Зургийн тайлбар: Баруун гар талаас Хөвсгөл аймаг дахь төслийн зохицуулагч Д.Пүрэвдаш, нөхөрлөлүүдийн төлөөллийн хамт


"Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх төсөл"-ийн хүрээнд Хөвсгөл аймагт гарсан үр дүнгүүдийн талаар тус аймаг дахь төслийн зохицуулагч Д.Пүрэвдаштай ярилцлаа.

- Хөвсгөл аймгийн хэмжээнд хэчнээн ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна вэ, Тэдгээрээс хэд нь төсөлд хамрагдсан бэ?

- Аймгийн хэмжээнд 295 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байгаагийн 24 нь төсөлд хамрагдлаа.

- Төсөлд хамрагдсан нөхөрлөлүүдэд ямар эерэг үр дүн гарсан гэж Та харж байгаа вэ?

- Хамгийн наад захын жишээ хэлэхэд багийн хурал болоход 80 хувь нь төсөлд хамрагдсан нөхөрлөлүүдийн төлөөлөл ирсэн байдаг. Мэдээлэл ямар үнэ цэнэтэй, хэрэгтэй гэдгийг мэддэг болчихсон учраас хурал, сургалтуудыг алгасахгүй оролцдог болсон. Тэндээс санаагаа зөв илэрхийлэх чадварт суралцсан хүмүүс маань зөвхөн манай төсөл гэхгүй өөр гурав, дөрвөн төсөлд хамрагдаад явж байгаа жишээ ч бий.

Дараагийн нэг том ахиц харагдаж байгаа нь хамтын ажиллагаанд суралцсан. Хамтраад нөхөрлөлийн ажлаа хийхээс гадна хадлангаа хадна, өвлийн бэлтгэлээ базаана. Ингээд итгэлцэл бий болж, хамтдаа хөгжиж байгаа.

- Нөхөрлөлийн гишүүд хөгжиж байна гэж хэлж болох нь ээ?

- Тийм ээ. Төсөлд хамрагдсан нөхөрлөлийн гишүүдээс хоёр хүн байгаль хамгаалагч болоод, нэг хүн багийн дарга болоод, бас нэг хүн Иргэдийн хурлын сонгуульд нэр дэвшсэн. Өөртөө итгэх итгэл нь ахиад нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлж байна.

Ерөнхийдөө хараад байхад бүх хүний амьдрал дээшилж байгаа. Эцсийн дүндээ өрхийн амжиргаа дээшилж, хот руу урсаж байсан шилжилт хөдөлгөөнийг зогсоолоо. Төслийн өмнөх судалгаа хийж байхад аймгийн төв рүү найм, Улаанбаатар хот руу гурван өрх шилжсэн байсан чинь төсөл хэрэгжээд амжиргаа сайжраад эхлэхээр буцаад дөрвөн өрх орон нутагтаа хүрээд ирсэн.

Түнэл суманд нэг мужаан цех байгуулагдахад дөрвөн хүний ажлын байр гараад ирнэ. Орон нутагт нь ажлын байр гараад ирсэн байхад хот руу явахгүй болж байгаа юм.

- Ойн ангиудтай мөн хамтарч ажилласан. Энэ хамтын ажиллагааны үр дүнг багцлаад хэлбэл?

- Ойн менежментийн төлөвлөгөөг хийхдээ нөхөрлөлийн ахлагчтай зөвлөлдөөд л хийчихдэг байсан бол төслийн хүрээнд оролцооны аргад суралцаж аль болох олон төлөөллийг байлцуулаад санаа оноо, зөв буруугаа хэлэлцээд төлөвлөгөөгөө боловсруулдаг болсон.

Сая хаалтын хурлын үеэр хамтарч ажилласан ойн ангиудын төлөөлөл миний санаанд ороогүй зүйлийг хэлсэн.  

"Хуульд ингэж заасан. Үүнийг хэрэгжүүлэх ёстой" гэсэн ганц байр сууринаас асуудлыг харах бус бодит нөхцөл байдал дээр нийцүүлэхийн тулд хуулийн ийм заалтыг өөрчлөх шаардлагатай юм байна гэдэг гаргалгааг гаргаж ирдэг болсон. Мөн хуулийн зарим зүйл заалтыг хэрэгжүүлэх гаргалгааг олж байна. Тухайлбал, Хуулинд Сумын Засаг дарга нөхөрлөлүүдийг дэмжих ёстой гэсэн агуулга байдаг ч дэмжихгүй байлаа гээд хариуцлага тооцох механизм байхгүй. Энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд аймгийн Засаг даргад хандаад, аймгийн Засаг дарга сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээ хийхдээ нөхөрлөлүүдийг дэмжих агуулгыг оруулж чадсан.

Хуулийг хэрэгжүүлэх тал дээр маш сайн боловсорч байна гэж хэлж болно.

- Төслийн хүрээнд маш олон төрлийн мэргэшүүлэх сургалтууд явсан гэж ойлгож байгаа. Танай аймгийн хувьд аль чиглэлийн сургалт илүү үр дүнгээ өгсөн гэж харж байгаа вэ?

- Манайд эмийн ургамлын сургалт түлхүү үр дүнгээ өгсөн гэж харж байгаа. Сургалтад хамрагдсан нөхөрлөлүүд цайны ургамлын талаар, хэзээ түүх ёстой, ямар ашиг тустайг маш сайн мэддэг болсон. Цайны ургамлыг байгалиас түүж, үйлдвэрүүдэд нийлүүлэхээс гадна тарималжуулсан нөхөрлөл ч бий.

Мөн ойн арчилгааны чиглэлээр сайн чадавхжсан.

Ер нь сургалт бүр үр дүнтэй болсныг илтгэх олон эерэг үр дүн бий. Түймэр гарлаа гэхэд хамгийн түрүүнд төсөлд хамрагдсан нөхөрлөлүүд яваад очдог бөгөөд бүгд гартаа багажтай очсон байдаг. Энгийн аргаар багаж хийхэд суралцчихсан учраас гар хоосон очдоггүй.  

Хүмүүс "төсөл дуусчихаар сургалт ирэхгүй юу, яанаа?" гээд байгаа. Миний хувьд ерөнхийдөө чухал сургалтуудаа аваад, түймэр дээр гар хоосон очдоггүй болсон шиг чиглэл чиглэлээрээ чадавхжчихсан учраас санаа зоволтгүй гэж бодож байна.

- Хөвсгөл аймаг бол манай улсын хувьд жуулчдыг хамгийн ихээр татдаг аймаг. Үүнийгээ ашиглаад нөхөрлөлүүдийн орлогыг нэмэгдүүлэх боломж бий юу?

- Нэг нөхөрлөл аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн жижиг төсөл бичээд нүүрсний зуухтай болсон нөхөрлөл нүүрс хийгээд Хатгал руу нийлүүлж байна.

Хатгалын нөхөрлөлүүд ер нь жуулчдаа татчихсан. Тэднээс Цагаан-Үүр суман дахь нөхөрлөлүүд маань суралцаад гар урлал, бэлэг дурсгалын зүйлс хийгээд Хатгал руу явуулж байгаа.

Сумынхаа хэмжээнд байгаад л байсан нөхөрлөлүүд төсөлд хамрагдаад өөр сумд, аймаг, нийслэлд үзэсгэлэн худалдаанд оролцоод ирэхээр хөгжөөд, гар урлалын зүйлсийнх нь нэр төрөл нэмэгдээд ирсэн. Жуулчин бараг очдоггүй сумынхан бол бүтээгдэхүүнээ зах зээл ихтэй бүс рүүгээ явуулаад худалддаг болж байна.

- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.