Мэдээ мэдээлэл

ЭРДЭМТДИЙН ТООЦООЛОЛ: Дэлхийн бөмбөрцгийн 30 хувийг хамгаалалтад авбал эдийн засагт сайнаар нөлөөлнө

Манай гарагийн хуурай газар, далай тэнгисийн 30 орчим хувийг тусгай хамгаалалтад авбал дэлхийн эдийн засагт хохирол учруулахгүй, харин зөв бодлого хэрэгжүүлж чадвал эсрэгээрээ өсөлтийг нэмэгдүүлнэ гэж хэсэг судлаачид тооцоолжээ.

Өнөөдөр дэлхий даяар байгаль орчин сүйрч, олон сая амьтан ургамлын төрөл зүйл мөхлийн ирмэгт хүрээд байгаа. Харин дэлхийн хуурай газар, далай тэнгисийн ядаж 30 хувийг хамгаалж чадвал ийм сүйрлээс зайлсхийж болох гэнэ.

“Campaign for Nature” байгууллагаас гаргасан судалгааны тайланд өгүүлснээр дэлхийн байгалийн 30 хувийг хамгаалалтад авахын тулд 2030 он гэхэд жил бүр $140 тэрбумыг зарцуулдаг болох ажээ.

Өнөөдөр дэлхийн хуурай газрын 15 орчим хувь, далай тэнгисийн 7 хувийг хамгаалсан байдаг ба үүнд жил бүр $24 тэрбумыг зарцуулдаг юм байна.

Дээрх судалгаа байгаль хамгаалах үйлс нь үнэндээ эдийн засгийн дайсан биш, эсрэгээрээ өсгөгч хүчин зүйл болж чадна гэдгийг батлан харуулжээ. Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө дэлхийн эдийн засагт дарамт болж, зардлыг өсгөж байгаа.

“Байгаль орчныг хамгаалах нь уур амьсгалын өөрчлөлт, усны хямрал, амьд ертөнцийн сүйрлээс зайлсхийх үр дүнтэйгээс гадна өнөөдрийн эдийн засагт илүү их ашигтайг бидний судалгаа харуулж байна. Байгальд үнэ тариф тогтоох боломжгүй ч эдийн засгийн тоо баримтууд үүнийг хамгаалах ёстойг харууллаа” гэж судалгааг ахалсан Энтони Уалдрон бичсэн байна.

“Хэрвээ бид хуурай газар, далай тэнгисийн 30 хувийг хамгаалбал санхүүгийн хувьд том ашиг хүртэнэ. Алтан өндөг гаргадаг галууг хамгаалж байна гэсэн үг” гэж судалгаанд оролцсон АНУ-ын Виржиниагийн Жорж Мэсон их сургуулийн профессор Томас Лавжои ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian, ikon.mn