Танин мэдэхүй

Дэлхийн үнэлэмж

Анхдагч ой ба дэлхийн үнэлэмж

-Хан Хэнтийн дархан цаазат газрын хувьд өнгөрсөн хугацаанд хүний ул мөр хэт ихэссэн. Энэ хэрээр анхдагч ойн хэв шинжээ алдан доройтож, жилээс жилд өөрчлөгдөн хувьссаар байна- 

"Дэлхий дээр хүн төрөлхтөн ул мөрөө үлдээгээгүй 1,4 тэрбум га газрын ой анх яаж ургасан тэр чигтээ байна хэмээн тогтоожээ"

Дэлхий дээрх хамгийн эртний ой Монголд, тэр дундаа Хэнтий аймгийн Батширээт суманд байдгийг эрдэмтэд тогтоосныг мэдэх үү. Бүр тодорхой хэлбэл, Хан Хэнтийн уулс нь Монгол орны зүүн хойд хэсэгт Хэнтийн нурууны төв хэсгийн гурван аймгийн есөн сумын нутгийг эзлэн оршдог. Хамгийн өндөр цэг нь Хэнтийн нурууны ноён оргил Асралтхайрхан бөгөөд далайн түвшнээс дээш 2800 метр өндөрт өргөгдсөн. Нийт талбайн 82 хувьд нь улирлын болон олон жилийн цэвдэгт ул хөрс тархжээ.  

Судлаачдын үзсэнээр дэлхий дээр хүн төрөлхтөн ямар нэг байдлаар ул мөрөө үлдээгээгүй 1,4 тэрбум га газрын ой анх яаж ургасан тэр чигтээ байгаа хэмээн тогтоожээ. Ийм ойг эрдэмтэд анхдагч үеийн ой гэж нэрлэсэн байна. НҮБ-ын тодорхойлсноор дэлхийн ойн бүрхүүлийн гуравны нэгээс илүү буюу 36 хувийг анхдагч үеийн ой буюу голдуу халуун бүсийн ширэнгэн ой эзэлдэг аж. Гэхдээ сүүлийн арван жилд анхдагч ой 40 сая га-гаар буурсан мэдээтэй. Тэрчлэн барууны орнуудад бараг үлдээгүй байна.

Харин Хан Хэнтийн дархан цаазат газрын хувьд анхдагч ойн хэв шинжээ жил ирэх тутамд алдан доройтож, өөрчлөгдөн хувирсаар байгаа. Гэхдээ энэ ой онгон төрхөө харьцангуй сайн хадгалсан хэмээн дэлхийн олон орны эрдэмтэд үнэлж байна. Анхдагч үеийн ой нь биологийн олон янз байдлаараа бусадтай харьцуулахааргүй баялаг. Энэ нь үнэт чанар, үнэлэмж нь болохоос гадна дахин сэргээгдэшгүй гэдгийг баталж байдаг ажээ. Зарлигаар дархалсан энэ газар Монголын ой бүхий бусад нутгаас нэлээд өвөрмөц, цэвэр тайгын бүс бүхий газар юм.

Судалгаанаас харвал, тус нутагт 1150 зүйлийн ургамал бүртгэгджээ. Мөн хүдэр, хандгай, хүрэн баавгай, чоно, шилүүс, үнэг, дорго, нохой зээх, үен, булга, бор гөрөөс, буга гээд ховордсон 50 гаруй хөхтөн амьтан энд бий. Мөн 253 зүйлийн шувууд нутагшиж байна. Түүнчлэн Хэрлэн, Онон, Туул, Естий, Захар, Шороот, Минж, Ерөө зэрэг томоохон гол мөрний эх болохын хувьд Монгол орны төдийгүй бүс нутгийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалахад чухал үүрэгтэй.  

Цаашлаад Хан Хэнтийн дархан цаазат газрыг монгол угсаатны буурал түүхээс салган ойлгох аргагүй юм. Угтаа Монгол туургатны эх түүхийн голомт нутаг бөгөөд зарлигаар дархлан хамгаалсны хүчинд Хан Хэнтийн уулс анхдагч ойн хэв шинжээ харьцангуй тогтвортой хадгалсаар өнөөдрийг хүрсэн хэмээн судлаачид үнэлдэг билээ.