Мэдээ мэдээлэл

Дэлхийн цэнгэг усны нөөц ба Монголын ой

Дэлхийн нийт цэнгэг усны гуравны хоёр нь Антарктид тив болон өндөр уулсын оройд цас мөсөн бүрхүүл хэлбэртэй байдаг ба энэхүү нөөцийг ашиглах боломж бараг үгүй.

Харин нийт цэнгэг усны зургааны нэг буюу авч ашиглах боломжтой усны бараг 50 хувь нь Байгаль нуурт бий. Тийм ч учраас ЮНЕСКО-ийн үнэт өвд орсон. Уг нуурын үндсэн цутгалан нь манай Сэлэнгэ мөрөн. Байгаль нуурт өөр олон жижиг гол цутгадаг ч үндсэн нөөцийг нь Сэлэнгийн ус тэтгэж байдаг аж.

Сэлэнгэ мөрөний урсацад нөлөөлөх олон хүчин зүйл байгаа боловч хамгийн чухал нь Монгол орны ой. Ой мод экологийн тэнцвэрийг хадгалахад олон үүрэг гүйцэтгэдэг. Үүний дотор ус цуглуулах, усыг тогтмол барьж, жигд хуваарилах, унах хур тунадсыг нэмэгдүүлэх зэрэг юм. Сэлэнгэ мөрний ус цуглуулах талбайн 73 хувь нь ой модтой нутаг байдаг. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ мөрөн үндсэндээ Монгол орны ойгоос эх авдаг гэсэн үг.

Орхон, Туул, Чулуут, Тамир зэрэг томоохон голууд ч мөн адил ойгоос эх авдаг ба Сэлэнгэ мөрний урсцыг бүрдүүлдэг. Бас нэг чухал эх үүсвэр нь Хөвсгөл нуур юм. Хөвсгөл нуур руу 100 гаруй уулын гол цутгадгийн ихэнх нь ойгоос эх авдаг. Ингээд үзэхээр Байгаль нуурын усны нөөц Монголын ойгоос шууд хамааралтайг ойн инженер, доктор О.Одгэрэл тайлбарлажээ.

Мод, бут сөөг, өвслөг ургамал, хөвд, хөрс аль аль нь асар их хэмжээний хур тунадас хадгалж, усыг гол горхинд тогтмол барьж, хувиарлаж байдаг. Ой мод нь ус чийгийг бороо, цас, манан, шүүдэр, хяруу, хөрсний ус, гол мөрөн, тогтонги цөөрөм хэлбэрээр байнга хадгалж байдгийн шалтгаан нь тэнд ургаж байгаа ургамал юм.