Танин мэдэхүй

Мод гэж юу вэ?

Мод гэж юу вэ?  

-Дэлхий дээр 100 мянган төрлийн мод бүртгэгдээд байгаа нь нийт амьд ургамлын 25 хувийг эзэлж байна- 

Ургамалтай  харьцуулахад, ер нь бусад амьд биестэй харьцуулахад мод хавьгүй олон жилийн настай. Зарим нь бүр хэдэн мянган жил насалж, бүр 115-аас дээш метр хүртэл өндөр ургасан нь ч бий. Тодорхой хэлбэл, дэлхийн хамгийн өндөр мод Америкийн Калифорн дахь Редвүүд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ургаж байгаа 115,5 метр өндөр, 2000-гаад жилийн настай цөлийн заан мод юм. Монгол орны хувьд Увс аймгийн Овоонт гэдэг газарт ургаж буй, 750 гаруй жилийн настай Сибирийн шинэс бүртгэгдээд байна (1999 онд Н.Баатарбилэг олж тогтоожээ).  

Товчхондоо, мод нь үндэс, их бие, иш мөчир болон навч гэсэн дөрвөн гол зүйлээс бүрддэг. Үндэс нь газрын хөрснөөс ус чийг, эрдэс бодис, тэжээл авч их бие, навч мөчир рүүгээ дамжуулна. Харин мөчрүүд цэцэг навч болон үр жимс гаргана. Навч нь нарны гэрлийг өөртөө шингээн авдаг бөгөөд голдуу ногоон, мөн улирлаас шалтгаалан шар, улаан зэрэг өнгөтэй болдог. Мөнх ногооноороо төдийгүй хасах 70, 80 градусын хүйтнийг тэсвэрлэдэг модод ч бий. Жишээ нь, Дагуурын шинэс болон зүүн Азийн тарваган хуш хамгийн хүйтэнд тэсвэртэй мод. Хасах 70 градусыг ажрахгүй амьдарсаар байжээ. Дагуурын шинэсний энэ зүйл манай орны ойд ургадаг. 

-Америкийн Калифорн дахь Цагаан ууланд дэлхийн хамгийн хөгшин буюу 4800 гаруй жилийн настай нарс бүртгэгджээ- 

Модны гол онцлог нь ердөө л их биендээ байдаг гэх ойлголт зарим үед ташаардаг. Учир нь нэг мөчир л гэхэд генетикийн асар их мэдээллийг агуулдаг ажээ. Эрдэмтдийн тайлбарласнаар, мөчрийн нэг үзүүрт мутаци явагдахад тэнд өөр хэв шинж илрэх боломжтой юм байна. Түүнчлэн хэд хэдэн мод нэг организм болон орших нь ч бий. Энэ нь газрын хөрсөн доогуур нэг үрнээс соёолон үндэслэж, клоун үүсгэхийг хэлдэг.

Мод нь нүүрстөрөгчийг шингээн, хүчилтөрөгч ялгаруулахаас гадна байгалийн үзэмж, экосистем, хөдөө аж ахуй, байшин барилгын материал болдог гээд олон чухал үйлчилгээ үзүүлдэгийг нь бид алхам тутамдаа мэдэрдэг билээ. Судалгаагаар, өнөөдрийн байдлаар дэлхий дээр 100 мянган төрлийн мод бүртгэгдээд байгаа нь нийт амьд ургамлын 25 хувийг эзэлж байна.