Мэдээ мэдээлэл

Монгол Улсын анхны ойн нөхөрлөлүүд 22 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна

Булган аймгийн ойн сангийн хэмжээ 1.9 сая га бөгөөд 676,078 га талбайг нь 215 нөхөрлөл эзэмшин хамгаалж байна. Энэ нь тус аймгийн ойн сангийн 35 хувь юм.

Монгол Улсад ойн санг эзэмшлүүлэх эхлэл 1998 онд тавигдсан анхны нөхөрлөлүүд хамтлаг нэртэйгээр Булган аймгийн Сэлэнгэ, Хангал сумдад байгуулагдсан. "Ханбуян", "Зулзган" хамтлаг нэртэйгээр байгуулагдсан анхны хоёр нөхөрлөл өдгөө Эко-Ханбуян хоршоо, Ойжуулалт нөхөн сэргээлтийн Зулзган ТББ болон үйл ажиллагааныхаа хүрээг тэлээд байна.

Он

Нөхөрлөлийн тоо

Эзэмшсэн ойн сангийн хэмжээ /га/

Ойн сангийн эзлэх хувь

1998 он 

2

25,000

1.3%

2002 он 

4

32,000

1.7%

2008 он

12

71,000

3.7%

2012 он

186

595,000

31.3%

2018 он

215

676,000

39.14%

Нөхөрлөлүүд ойн санг хамгаалахаас гадна булаг шанд, амьтан ургамлыг хамгаалан нөхөн сэргээж хаших, байгалийн сэргэн ургалтыг дэмжих, мод үржүүлгийн газар байгуулан үр, мөчрөөр тарьц суулгац ургуулах, ойжуулалт хийх, тарьц суулагацаа мэргэжлийн байгууллага болон төв суурин газрын ногоон байгууламжинд зориулан нийлүүлэх, ойн арчилгааны болон цэвэрлэгээний ажил хийж ойн дагалт баялгийг ашиглах, зөгийн үржүүлэг эрхэлж байна.

Түүнчлэн төслөөс зохион байгуулсан мэргэжлийн болон мэргэжил олгох сургалтуудад хамрагдан ойжуулагч, хөрөөчин, ойн аж ахуйн ажилтны  мэргэжлийн болон чадамжийн гэрчилгээтэй болсон.

Нөхөрлөлүүд 2017 оноос эхлэн төслийн болон орон нутаг, улсын төсвийн хөрөнгөөр 1, 2-р насны ойд гэрэлжүүлэх болон тохируулах  арчилгааны ажлуудыг 750 га талбайд хийж гүйцэтгэсэн байна. Энэ арчилгааны ажлын үр дүнд нөхөрлөлүүдийн ойн сангийн төлөв байдал сайжирч байгаагаас гадна нөхөрлөлийн гишүүдийн чадавх сайжирч мэргэшиж, дадлагажин зарим нөхөрлөл ойн цэвэрлэгээний огтлолтыг ч хийх  хэмжээний чадавхтай болжээ.

Зарим чиглэлийн ойн мэргэжлийн байгууллагуудад тавигддаг шаардлагыг нөхөрлөлүүд хангаж эхлээд байна. Тухайлбал, ойд цэвэрлэгээ арчилгаа хийх, ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах, мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх ажил эрхлэх гэх мэт.

Байгалийн нөөц баялгийг боловсруулах, арчилгаа цэвэрлэгээний ажлаас гарсан модыг өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, модны үнэлэмж, үнэ цэнийг нэмэгдүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэсээр байгаа юм.

Ийнхүү амжилттай ажиллаж буй нөхөрлөлүүдээс танилцуулбал,

Хутаг-Өндөр сумын "Хатайн Баян-Улаан" нөхөрлөл

Тус нөхөрлөл нь жилд 5 га талбайд арчилгааны ажил хийдэг.

Ойн арчилгааны гэрэлжүүлэх, тохируулах ажлаас гарсан модоор Хутаг-Өндөр сумын Хантай багийн цэцэрлэгийн байгалийн буланг тохижуулжээ. Жижиг мужааны цех байгуулан орон нутгийн иргэдийн хэрэгцээт бүтээгдэхүүнүүдийг хийж нийлүүлэхээс гадна Булган аймгийн төвийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна.

Мөн төслийн санхүүжилтээр Булган сумын 4-р цэцэрлэгийн хүүхдийн ширээ сандлыг стандартын шаардлагын дагуу хийж гүйцэтгэжээ.

Орхон сумын Халиун багийн "Өндөр-Өлзийт" нөхөрлөл

Жил бүр ойн цэвэрлэгээний ажлыг 5-10 га, арчилгааны ажлыг 5 га талбайд хийж байна. Арчилгаа, цэвэрлэгээнээс гарсан модыг ногоон тэжээл, будаатай хольж малын хорголжин болон багсармал тэжээл үйлдвэрлэн нөхөрлөлийн гишүүдийн хэрэгцээнд ашиглахаас гадна зах зээлд нийлүүлж байна.

Мөн үртсэн  блокыг туршин хийж байгаа бөгөөд Монгол Улсад үртсэн модон блокны стандарт байхгүйн улмаас хийсэн блокоо зах зээлд нийлүүлж, танилцуулж чадахгүй маш бага хэмжээгээр үйлдвэрлэн өөрсдийн хэрэгцээнд ашиглах төдий байгаа аж.