Мэдээ мэдээлэл

Нутгийн иргэдэд түшиглэсэн түймрээс хамгаалах менежмент

"Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь" төсөлд Дархан-Уул, Хөвсгөл, Хэнтий, Булган, Сэлэнгэ аймгийн нийт 101 ойн нөхөрлөл хамрагддаг. Тус төслөөс 2017 онд дээрх таван аймгийн БОАЖГ, ОБГ-уудтай хамтарч "Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ойн түймэртэй тэмцэх талаар ойн нөхөрлөлүүдийг чадавхжуулах" онол болон хээрийн дадлагатай хослуулсан сургалтыг зохион байгуулсан билээ. 
Үүний дагуу ойн нөхөрлөлийнхөнд зориулсан гарын авлага бэлтгэн гаргаж, тараагаад байна. “Монгол орны ой” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт зориулж бид тус гарын авлагад орсон заавар зөвлөмжүүдээс иргэд, ойн нөхөрлөлийнхөн мэдвэл зохих танин мэдэхүйн мэдээллийг түүвэрлэн хүргэж байна.

Ойн түймэр гэж юу вэ? 
Газрын хөрс, ой мод, ус, ургамал зэрэг байгалийн баялаг оршин байгаа орон зайг хамран тэдгээрээр дамжин тархдаг үйл хөдөлгөөнтэй байгалийн үйл явц юм. Монгол оронд хавaр (3-5 сар), намрын (9-11 сар) улиралд, заримдаа хуурайшилт ихтэй зуны улиралд ч ой, хээрийн түймэр их, бага хэмжээгээр жил бүр гарч байна. Ойн түймэр гарах хамгийн их идэвхжилтэй үе хаврын 4, 5 дугаар сар. Энэ хугацаанд жилийн бүх түймрийн 80 гаруй хувь. Харин намрын 9, 10 дугаар сард 15-18 хувь нь тус тус гардаг нь уур амьсгалын онцлог, ургамлын шинж төрх, өөрчлөлттэй холбоотой байдаг.

НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ТҮЙМРЭЭС
ХАМГААЛАХ АРГА ЗАМ:   

Өнөөдөр ойн нөхөрлөлүүд ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмших замаар ойгоо хамгаалах, зүй зохистой ашиглах, өсгөн үржүүлэх хууль эрх зүйн таатай орчин, нөхцөл бүрдсэн. Хамтын оролцоотой ойн менежментийн энэ арга хэлбэр улс даяар хэрэгжиж байна. Энэ үйл ажиллагааны нэгээхэн хэсэг нь нутгийн иргэдэд түшиглэсэн гал түймрээс хамгаалах менежмент (НИТТХМ)-ийг хөгжүүлэх тухай асуудал юм.

НИТТХМ-ИЙН ТОМЬЁОЛОЛ: 
Аливаа менежментийн үйл ажиллагааны гол шалгуур нь тухайн хэрэгжих орчинд хүлээн зөвшөөрөгдөж тодорхой амжилтыг авчирдаг. Түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг хэрэгжүүлэх явцад тухайн орон нутгийн экологи, биологийн олон янз байдлыг хамгаалахад  нутгийн иргэдийн оролцоо, дэмжлэг нэн чухал үүрэг гүйцэтгэнэ. 

Гал түймрээс хамгаалах нэгдсэн менежментийн (ГТХНМ) нэг гол бүрэлдэхүүн хэсэг бол орон нутгийн байгаль, орчин зүй, биологийн  онцлог, тэнд амьдарч байгаа иргэдэд түшиглэсэн менежмент юм. Түймрийн мөчлөг, хугацаа олон янз байдаг. Нутгийн иргэд өөрийн чадавхид тохирсон үйл ажиллагааны хүрээгээ зөв тогтоох нь хамгийн чухал. Иймд нутгийн иргэдийн хамтлаг, нөхөрлөлүүд дор дурдсан үйл ажиллагааны төлөвлөлтөнд онцгой анхаарах хэрэгтэй. 

Үүнд: 

  • Холбогдох төлөвлөлтийг хийх
  • Түймэр гарч болох түгээмэл шалтгааныг тодорхойлж, хянах
  • Түймэртэй тэмцэх багаж хэрэгсэл унаа, хүнсийг нэг дор төвлөрүүлж, хүн хүчийг бэлэн байлгах, бага дээр нь эрт илрүүлэх
  • Нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, арга замаа зөв төлөвлөх
  • Унтраах хүн хүч, хүнс, багаж хэрэгслэл, унааг шуурхай зохион байгуулах
  • Түймэрт хурдан очих 
  • Эрсдэл багатай дээр нь унтраах, түймэр хяналтаас гарч томорвол эд хөрөнгө, амь насаа аврах 

Нутгийн иргэдэд түшиглэсэн түймрээс хамгаалах менежмент (НИТTХМ) гэж түймэр гарах шалтгааныг таньж мэдэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга зам юм. Түймэр гарсан нөхцөлд хурдан илрүүлж, очиж унтраах, болзошгүй аюулаас бие биенээ болон эд хөрөнгөө аврах, гарсан хохирлыг арилгах зэрэг цогц үйл ажиллагааг явуулдаг нутгийн ард иргэдийн нэгдсэн зохион байгуулалттай, хамтын нөөцтэй, харилцан бие биенээ нөхдөг тогтолцоо юм.

НИТТХМ-ИЙН ҮНДСЭН ШАЛГУУР: 
НИТТХМ нь доорх шалгууруудыг бүрэн хангасан байх ёстой.
1. Иргэдийн хүсэл зорилгод нийцтэй
а. Эд хөрөнгийг нь хамгаалах
б. Байгалийн баялгийг нь хамгаалах
в. Амь насыг нь хамгаалах
2. Иргэдэд ойлгомжтой
а. Нутгийн иргэдийн мэдлэгт суурилсан
б. Хэрэгжүүлэх арга барил нь хялбар, энгийн
в. Оролцооны арга барилаар сургалтуудыг явуулах
г. Энгийн, хялбар хэлээр бичигдсэн
д. Товч бөгөөд тодорхой
3. Иргэд хэрэгжүүлэх боломжтой
а. Арга хэлбэр нь хялбар
б. Иргэдийн аюулгүй ажиллагааг анхаарсан
в. Санхүүгийн хувьд хямд
г. Орон нутагт тохиромжтой
4. Иргэдийн үүргийн хил хязгаар тодорхой
а. Иргэдийн үйл ажиллагааны цар хүрээ тодорхой
б. Хариуцах талбай тодорхой
в. Тусламж авч эхлэх үе, цаг хугацаа тодорхой
5. Бусдад хүлээн зөвшөөрөгдсөн
а. Аймаг орон нутгийн удирдлага дэмждэг
б. Мэргэжлийн байгууллагууд дэмждэг
в. Холбогдох талууд иргэдийн бий болгосон мэдлэг, туршлагыг авч ашигладаг
г. Бусад хүмүүс ойлгож дэмждэг
д. Бусдад нөлөөлөх иргэдийн чадавхи, ур чадвар тодорхой
6. Иргэд цаашид дэлгэрүүлэх боломжтой
а. Иргэд бие биендээ зааж сургах боломжтой энгийн, хялбар, ойлгомжтой, аюулгүй гэсэн шалгуурыг хангах ёстой.

Ойн түймрийг унтраах багаж:
Уулын ойн түймэртэй тэмцэхдээ хамгийн хөнгөн, гар шүршигч багажуудыг ашиглах хэрэгтэй. Морь болон ямар нэг тээврийн хэрэгслээр тээвэрлэхэд хөнгөн, овор багатай байвал зүгээр. Түймэр унтраах үед ихээхэн үр дүнтэй гар багаж нь үлээгч багаж, цахилгаан хөрөө, цуравдагч зэрэг юм. Нэг багажийг нэг хүн хариуцан
тогтвортой ажиллах нь зөв зохион байгуулалт. Гэвч эдгээр багаж нь тэр болгон нутгийн иргэдэд байдаггүй. Иймд ойн нөхөрлөлийн гишүүд өөрсдөө гарын доор бэлэн байх зарим нэг гар багажийг өргөнөөр ашиглах боломжтой. Орон нутгийн иргэдэд түгээмэл хэрэглэгдэж байгаа зарим нэг багаж хэрэгслийн зориулалт, ашиглалтын талаар товч дурдая. 

Үүнд:
1. Цохиур: Иргэд цохиурыг өөрсдөө хийж бэлтгэх хэрэгтэй. Толгойн хэсэгт төмөр дэвүүр, зузаан даавуу, тааран шуудай, брезент, хаймар, эсгий зэрэг материалын аль нэг бэхлэгдсэн, урт иштэй гал унтраах зориулалтын багаж юм. Түймэр цохих явцад байнга норгохгүй бол гал арагш шидэгддэг муу талтай. Нойтон бургасыг цохиур болгон ашиглаж болдог. Цохиурын хамт үүргэн шүршигч аппарат ба тармуур зэргийг хэрэглэвэл илүү үр дүнтэй.
2.Тросон шүүр: Иргэд тросон шүүрийг урьдчилан бэлтгэх нь чухал. Шатаж буй цогшсон шатах материалын хэсгийг түймрийн голомт руу буцаан шүүрдэн хаях байдлаар ашиглагдана. 
3.Тармуур: Урт ишинд бэхлэгдсэн шүдтэй хусах зэрэглэлийн багаж бөгөөд хөрсний гадаргуу дээрх хөнгөн шатах материалыг татаж зайлуулах, сул болон дунд эрчимтэй гадаргуугийн түймрийн үеэр хөрсний өнгөн хэсгийг хуулж унтраахад хэрэглэнэ. Мөн шүүрдэх байдлаар халуун нурмыг зайлуулах, галын тархалтаас хориглох шугамыг сэргээхэд ашиглана. Иргэд ашиглаж сурсан үр дүн сайтай багаж. 
4. Хүрз: Сул ба дунд эрчимтэй гадаргуугийн түймрийн галын дөл рүү шороо цацах, нарийн зурвас гаргахад хамгийн өргөн хэрэглэнэ. 
5. Сүх: Түймрийн үед зарим нэг дутуу шатсан унах эрсдэлтэй модыг цавчиж унагах, уугиж буй хожуул, модыг бутлах, жижиглэх зэрэгт хэрэглэнэ.
6. Зээтүүн царил: Сүх толгойтой таслах, ухах ирмэгтэй таслах зэрэглэлийн багаж бөгөөд жижиг мод, бут, мөчир, үндэс таслах, мөн газрын гадаргуу, ургамлын үндэс, ойн унаш, хөвхийг хусах, суваг, шуудууг ухах зэрэгт ашиглана.
7. Зээтүү: Зээтүүн царилтай нэгэн адил малтах, хусах зориулалттай бөгөөд арай өргөн хусах ирмэгтэй байдгаараа ялгаатай.
8. Хөрөө: Дутуу шатсан ба унах эрсдэлтэй модыг цавчиж унагах болон нэг талаасаа шатаж буй унангыг зайлуулах замаар шаталтыг удаашруулах, зогсооход
хэрэглэнэ. Эдгээр багажийг сул ба дунд эрчимтэй гадаргуугийн түймэр гарах үед хэрэглэх бөгөөд ийм түймрийн галын дөлний хэсгийг гадна талаас дотогш ширвэх байдлаар унтраана. Бас нэг дурдах ёстой чухал асуудал бол түймэрт ажиллаж байгаа хүмүүсийн хувцаслалт болон хувцасны материал юм. Түймэр унтраахад нийлэг эдлэлээр хийсэн хялбар шатах нейлонон хувцас өмсөж болохгүй. Аль болох зузаан сайн ширмэл даавуун материал өмсөх нь зүйтэй. Боломжтой тохиолдолд сайтар норгох, нимгэн шавар түрхэх зэрэг арга бий. 
Түймэртэй гэнэт тулгаран зугтаж амжихгүй сөрж гарах үед зузаан эсгий гутал, ноосон хөнжил малын арьс зэрэг удаан шатах зүйл нөмрөн, нүүр гарын ил хэсгийг сайтар далдлах шаардлагатай. Ойн түймэртэй тэмцэх үед түймэр үүсэн тархаж буй тэр газарт аль болох хурдан аргаар хүмүүс хүрэх нь хамгийн чухал. Бодит байдал дээр ихэнх тохиолдолд ойн түймрийг гарсан даруйд нь унтраахгүй, газар авахуулснаас тэмцэх ажилд хүнд хүчир, өртөг ихтэй арга хэрэглэхэд хүрч байна.