Мэдээ мэдээлэл

Нөхөрлөлийнхөн түймрээс хамгаалах аргад суралцлаа

“Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх төсөл”-ийн санаачилга, дэмжлэгтэйгээр “Ой хээрийн болон обьектийн гал түймрийн аюул, эрсдэлээс  урьдчилан сэргийлэх, тэмцэх аргачлалд иргэд, нөхөрлөлийг чадавхижуулах нь” сургалтыг Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл аймгуудийн Онцгой байдлын газар болон БОАЖГ-тай хамтран зохион байгууллаа. Сургалтын гол зорилго нь Сумдын тамгын газрын удирдлага, мэргэжилтнүүд, улсын байцаагчид, байгаль хамгаалагч, СДОА, ойн нөхөрлөлийн гишүүдийг ой хээрийн түймрээс хэрхэн урдчилан сэргийлэх, гарсан үед нь ямар арга хэмжээ авах, хэрхэн хурдан унтраах талаар онолын болон дадлага ажлыг газар дээр нь туршиж, сургахад байв. Энэ талаар тус төслийн орон нутаг дахь зохицуулагч нар ийн ярьж байна. 

Булган аймгийн Орон нутгийн зохицуулагч (ОНЗ) Д.Баярмаа: 

-Сургалтыг бид гурван бүсэд хуваан зохион байгуулсан бөгөөд нийт 270 гаруй хүн хамрагдлаа. Сургалтанд оролцогчид ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга, ажиллагаа, боломж, түймэр гарсан үед авах анхны арга хэмжээ,  унтраах багаж хэрэгслүүд, тэдгээрийн ажиллах зарчим, энгийн гар доорх материалаар хийж болох багаж хэрэгсэл, гал түймрийн үед учирч болзошгүй эрсдэл, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх аргын талаар  зохих мэдлэгтэй болсон. Цаашид иймэрхүү сургалтыг хавар, намрын улиралд давтамжтайгаар зохион байгуулмаар байна. Мөн нөхөрлөлийн гишүүдийг түймэртэй тэмцэх бүлэг байгуулах, түймэртэй тэмцэх багаж багаж хэрэгслээр ханган, давтамжтайгаар сургавал эзэмшлийн ойн сангаа гал түймрийн эрсдлээс хамгаалах, хохирол багатайгаар даван туулах ач холбогдолтой юм. 

Хөвсгөл аймгийн ОНЗ Д.Пүрэвдаш: 

-Манай аймгийн зорилтот долоон Сумын тамгын газрын дарга, БО-ны улсын байцаагч, байгаль хамгаалагч, 24 нөхөрлөлийн 24 гишүүн, Жаргалант сумын ”Эрчимт-Идэр”, Цагаан-Үүр сумын ”Нарс шинэсэн төгөл”, Түнэл сумын ”Түнэл-Эг”, Мөрөн сумын “Дэлгэрмөрөн”, Улаан-Уул сумын ”Баяншишгэд”СДОА-ийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн Онцгой байдлын газрын хамт олон, төслийн ажилтнууд энэ удаагийн сургалтад хамрагдлаа. Энэ үеэр бид онолоор сурсан зүйлээ газар дээр нь хийж үзлээ. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, амь насаа хамгаалах, бусдадаа хэрхэн тусламж үзүүлэх талаар мэдлэгтэй болж чадавхижлаа. Хөдөлмөр аюулгүй арга ажиллагаатай танилцаж өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар мэдлэгтэй болсон. Сургалтанд оролцсон нийт 273 хүн хамрагдсан. 

Дархан-Уул аймгийн ОНЗ Д.Ганболд: 

-Сургалтанд оролцогсод түймэр унтраах багаж хэрэгслүүд, түүний бүтэц, ажиллагааны зарчимтай танилцаж, дадлагын ажлыг биечлэн гүйцэтгэж, түймэртэй хэрхэн тэмцэх талаар зохих мэдлэгтэй боллоо. Онол, дадлагын ажлыг хослуулсан нь илүү өгөөж байсан. Мөн сургалтад 135 хүн хамрагдсан бөгөөд Дархан-Уул аймгийн ОБГ-аас СДОА-д түймэр унтраагч үлээгч аппарат нэг, ус шүршигч РЛО-2 ширхэгийг хүлээлгэн өгсөн нь түймэртэй тэмцэх чадавхийг бэхжүүлэхэд тустай зүйл болов. Цаашид ойн нөхөрлөлүүдэд түймэртэй тэмцэх багаж хэрэгслээр дэмжиж, чадавхийг нь бэхжүүлэх шаардлагатай байна. Хүн хүч олонтой, ойн сангийн хэмжээ томтой нөхөрлөлүүдээс түймэртэй тэмцэх бүлэг гаргуулж, тэдэнд давтан сургалт хийвэл илүү үр дүнтэй. 

 

Хэнтий аймгийн ОНЗ З.Ууганбаяр: 

-“Ой хээрийн болон обьектийн гал түймрийн аюул, эрсдэлээс  урьдчилан сэргийлэх, тэмцэх аргачлалд иргэд, нөхөрлөлийг чадавхижуулах нь” сургалтад Хэнтий аймгийн ой бүхий сумдын ЗДТГ, ИТХ-ийн ажлын албаны төлөөлөл, байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч, багийн Засаг дарга, багийн иргэдийн нийтийн хурлын төлөөлөл, ойн нөхөрлөлүүдийн төлөөлөл, сумдын гамшиг осол, түймэртэй тэмцэх шуурхай бүлгийн гишүүд идэвхтэй оролцлоо. Энэ сургалтын гол онцлог, давуу тал нь онол, дадлага хослуулсанд байсан. Түймрээс урьдчилан сэргийлэх ямар арга байдаг, түймэр гарлаа гэхэд хэрхэн унтраах ёстой, аюулгүй ажиллагааг мөрдөх наад захын мэдлэг ойлголттой болсон нь нэлээд үр дүнтэй болсон. 

Түймрийн сургалтын үеийн фото: