Мэдээ мэдээлэл

Нөхөрлөлүүдийн зэрлэг амьтдын тоо толгойг нэмэгдүүлж буй ТУРШЛАГА

Хэнтий аймгийн Норовлин сумын "Баян-уул" нөхөрлөл 2015 оноос эхлэн нөхөрлөлийн нутаг дэвсгэр дээрх 100 орчим толгой монгол тарвагыг хамгаалах ажил өрнүүлснээр 2019 оны 10 сарын байдалын нөхөрлөлийн нутаг дахь монгол тарваганы тоо 154-160 бүлийн 770-810 толгой болж өсжээ.

"Баян-уул" нөхөрлөлийн ахлагч Д.Гомбо гурван жилийн хугацаанд 135 хавх, урхи, хураан авч сумын байгаль орчны улсын хяналтын байцаагч, байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгсөн байна. Тэрбээр зургаадугаар сарын 10-аас аравдугаар сар хүртэлх хугацаанд өдөр бүхэн хулгайн анчдын араас хөөцөлдөн, эргүүл шалгалт хийн ажилладаг.

Мөн Биндэр сумын "Хөмөл балж" нөхөрлөлийн гишүүн Д.Ганхуяг 2017 оноос хойш сар бүр хоёр удаа судалгааны ажлыг тогтмол хийснээр нөхөрлөлийн нутагт хууль бус агнуур, хулгайн анчидын тоо толгой эрс буурсан эерэг үр дүн гарчээ.


Биологийн олон янз байдлын судалгаа хийж буй зарим нөхөрлөлүүд:

  • Өмнөдэлгэр сумын "Тэнүүн" нөхөрлөл

"Тэнүүн" нөхөрлөл нь 2011 онд байгуулагдсан 12 өрхийн 25 гишүүнтэй 7,559 га ойн сан бүхий газар нутгийг хариуцан хамгаалж байна. Тус нөхөрлөлийн хариуцан хамгаалж буй нутагт халиун буга, хүрэн баавгай, шилүүс мий, саарал чоно, зэрлэг гахай, молцог хандгай, бор гөрөөс, ойн булга, баданги хүдэр зэрэг хөхтөн амьтад байнга болон зусаж, намарждаг талаарх ул мөрийн судалгааг нөхөрлөлийн  гишүүн Д.Билгүүн олж тогтоожээ. Мөн нөхөрлөлийн нутагт ойн шувууд, төрөл бүрийн байгалийн дагалт баялаг ургадаг байна.

  • Норовлин сумын "Баян-Уул" нөхөрлөл

"Баян-Уул" нөхөрлөл нь сумын төвөөсөө 50 км зайд оршдог. Тус нөхөрлөлийн хариуцан хамгаалж буй газар нутгийн хэмжээ нь 6,000 га бөгөөд тал хээрийн бүсэд тарвага, цагаан зээр, идлэг шонхорын тархалттай газар нутгийг хамгаалан ажиллаж байна.

"Баян-Уул" нөхөрлөлийн нутагт Баян-овоо, Батноров, Норовлин, Дорнод аймгийн Хөлөн буйр сумаас хулгайн анчид зургаагаас есдүгээр сарын сүүлч хүртэл хулгайн агнуур хийдэг тул тарваганы тоо толгой эрс буурч 2013 он гэхэд устах аюулд хүрсэн байв. Тиймээс нутгийн иргэд нийлэн тарвагаа хамгаалах үйл ажиллагаа явуулснаар одоогоор 300 гаруй тоо толгой болж өссөн судалгааг нөхөрлөлийн гишүүд хийжээ.