Мэдээ мэдээлэл

Нөхөрлөлийнхөн тооны аргад суралцаж байна

Ойн нөхөрлөлийн төлөвлөлт, менежментийг сайжруулах, бизнес төлөвлөгөөг боловсруулахад нь туслах, хэрэгжилтийг нь дэмжих зорилгоор “Өөжин буурал” ТББ, Хөвсгөл аймгийн нөхөрлөлийн холбоо Ойн төсөлтэй хамтран “Санхүү,зах зээл, бизнесийн анхан шатны мэдэгдэхүүн олгох” сургалтыг өнгөрсөн долоодугаар сард зохион байгууллаа.

Сургатыг онол  дадлага хослуулан явуулсан бөгөөд  дараах агуулга  сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд Маркетинг, менежмент, зах зээлийн судалгаа хийх аргачлал, багаар ажиллаж үйлдвэрлэл эрхлэх боломж, өрхийн орлого, зарлагын бүртгэл, хадгаламж, хуримтлал, төсөл хэрхэн боловсруулах, гарааны хөрөнгө босгох хичээл заажээ. Мөн анхан шатны санхүүгийн бүртгэл хөтлөлт, бизнесийн үйл ажиллагааны хэлбэрүүд, хуулийн хариуцлага, жижиг үйлдвэрлэл эрхлэгчтэй уулзалт зохион байгуулах, нөхөрлөлийн түлээ бэлтгэж борлуулалт хийж байгаа жишээн дээр санхүүгийн бүртгэл тайлан гаргаж, дадлага ажил хийсэн байна. Тус сургалтад Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Цагаан-Үүр, Түнэл сумын 18 нөхөрлөлийн 18 гишүүн, нөхөрлөлийн холбооны тэргүүн Б. Баттуяа, Орон нутгийн зохицуулагч Д.Пүрэвдаш нар оролцжээ.

Орон нутгийн зохицуулагч Д.Пүрэвдаш:

-Сургалтын үр дүнд манай оролцогчид дундын сангаа арвижуулах, бэхжүүлэх нь ямар их ач тустайг ойлгож авлаа. Хүмүүст санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэлтийг хэрхэн хийх талаар мэдээлэл өгч хүн бүрээр нэхэмжлэх, зарлагын баримт, орлогын баримт бичүүлж, мөн жолоочийн замын хуудас хийлгэж авсан нь хүмүүст сонирхолтой байгаад зогсохгүй зайлшгүй хэрэг болдог зүйл учир бүгд энэ бүх баримтуудыг бүрдүүлж бичиж сурсан. Санхүүгийн тайланг хэрхэн гаргах, баримт яаж цуглуулах, бүрдүүлэх талаар мэдлэгтэй боллоо.

Түүнчлэн багаар ажиллаж жижиг үйлдвэрлэл эрхлэх боломжийн талаар хүмүүс мэдээ мэдээлэлтэй болж  зах дээр явж түлээ борлуулах талаар зах зээлийн судалгаа хийж үйлдвэрлэлд шууд ба шууд бус оролцогчдыг тодорхойлон ганц борлуулалт хийхээр үнэ судлах биш зах зээлийг бүхэлд нь явж судалгаа хийж ашигтай ажилладаг юм байна гэдгийг  мэдэж авсан хэмээн үнэлсэн байна.