Мэдээ мэдээлэл

НЯЛХСЫН ЗУЛАЙ ШИГ ЭМЗЭГ “ОЙ”-ГОО ХАМГААЛЪЯ

“Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд “Монгол орны ой ба сэтгүүлчдийн үүрэг, оролцоо” сургалтаар  Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал сумдын ойн нөхөрлөлийн ойн цэвэрлэгээ, хамгаалал, тэдний хамтрал, өрхийн үйлдвэрлэл  эрхлэж, аялал жуулчлал хөгжүүлэх  зорилготой   явуулж буй үйл ажиллагаатай танилцлаа.


ХЭНТИЙ АЙМГИЙН ОЙН НӨХӨРЛӨЛҮҮД ЧАДАВХЖИЖ БАЙНА

Батширээт суманд Байгалийн  нөөцийн   хамтын менежментийн 18 ойн нөхөрлөл байгуулагдан ажиллаж байгаа аж.  Нутаг дэвсгэрийн ойролцоогоор 149541 га ойн сан бүхий  газар нутгийг  хариуцан хамгаалж   байна.  Нөхөрлөлүүд  байгалийн нөөц баялгыг тооцон, зөв зохистой ашиглах, хамгаалах, голуудын эх сав газар, рашаан, эрдэс ан амьтан, ургамлыг,  хамгаалах, өсгөн үржүүлэх,  эко аялал жуулчлалыг хөгжүүлэхийн  зэрэгцээ байгалийн хаягдал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл болгон  орлого олоход үйл ажиллагаагаа чиглүүлж байдаг аж.
Батширээт сумын Хурх багийн малчин, Рашаан хад нөхөрлөлийн гишүүн   Хусайн Сайхан  нэрээр  нутгийнхандаа  танигдсан Б.Баярсайханых  байгаль орчноо судлах  музейг аялагчид болон сонирхсон иргэдэд 2000 төгрөгийн тасалбар өгч үзүүлдэг байна.  Модны ураар хийсэн цар таваг 80000-1.000000 төгрөгийн ханштай.       Нөхөрлөлийн гишүүнийх нар, салхины  эрчим хүчээр хангагдан хөргөгч ажиллуулж, телевиз үзэж, тахиа, нугас, цацагт хяруул тэжээн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ шүдлэн үхрээр авсан сүүний машиныхаа ид шидээр     цөцгий, сүүгээ ялган  буриад талхыг тэрхүү хачирын хамт  зочилсон бүхнийг  дайлж цайлна.

Хамтын хүч нөхөрлөлийн ахлагч Б.Ширчмээ:
Манай нөхөрлөл “25 өрхийн 44 гишүүнтэй. эргэлтийн сандаа 1 сая гаруй төгрөгтэй байгаа.  Цаашид бид мод үржүүлгийн талбай,  төмс, хүнсний ногоо тариалах,  фермерийн аж ахуйг хөгжүүлэх, гишүүдийнхээ орлогыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Нөхөрлөл байгуулагдсанаас хойш   31 га талбайд ойн цэвэрлэгээ хийж,1000 куб метрт түлшний мод, 150 куб метр  хуурай хэрэглээний түлш бэлтгэж, гишүүдийнхээ хэрэгцээ болон  төсөвт байгууллага, зах зээлд борлууллаа.
Нөхөрлөлийнхөө зорилтод бүлгийн  өрхөд сууц, шинэ гэр бүл болсон өрхөд хадгаламж нээж өгдөг.  
 НҮБ-ын ХХАБайгуулага /FAO/ төслийн хүрээнд   манай гишүүд мэргэшүүлэх, чадавхижуулах сургалтанд хамрагдсан.  Санхүү тооцоо, удирдлага мэргэшүүлэх, ойжуулах, компьютер, хөрөөчин, ой сийрэгжүүлэх, гэрэлтүүлэх  эмийн ургамал хийх аргачлал, цай хийх, хортон шавжийг тодорхойлох, тэмцэх, ногоочны сургалтуудад   хамрагдлаа. Мөн туршлага судлах аялалд ч явсан.
Эртхэндээ нойтон мод их хэрэглэдэг байсан. Тиймээс модны нөөц багассан. Ойгоо  хамгаалах гишүүдийн санаачилгад тулгуурлан байгуулагдсан нөхөрлөл юм” гэлээ.
Энэхүү нөхөрлөл өөрсдийн хүчээр  “Эв нэгдлийн өргөө”-тэй болж чадавхжсан гишүүд тус өргөөндөө  үйлдвэрлэл, үйлчилгээгээ явуулахаар зэхэж байна.   
Ойн нөхөрлөлүүд санхүүжилтээ гишүүнчлэлээрээ бий болгож, дундын сан үүсгэн,  гишүүддээ буцаан зээл олгодог  аж.
Идэвхтэн байгаль хамгаалагч, нөхөрлөлийн гишүүдэд ойгоос  хууль бус   мод бэлтгэх, ан агнах зэрэгт тэднийг торгох шийтгэх эрх, цалин урамшуулал, хувцас хэрэглэл, унаа байдаггүй  зөвхөн мэдээлэгч болж ажилладаг байна.
Ойн нөхөрлөл байгуулагдсанаар  иргэд ойтой зүй бус харьцах, түлш бэлтгэх зөрчлүүд их гардаг байсан нь  эрс багасчээ.   Сүүлийн жилүүдэд  иймэрхүү зөрчил бараг үгүй болсон тухай нөхөрлөлийн гишүүн Д.Доржготов ярьлаа. Нөхөрлөлийн гишүүд ихэнх нь малчид байдаг тул тухайн нутаглаж буй хэсэгтээ хяналт тавьж, мэдээллийг цаг тухайд нь хүргэж, зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаар нь хянуулж зөрчигч этгээдэд хариуцлага тооцуулах журмаар ойгоо хамгаалдаг болой.



НАРСНЫ ҮРИЙГ ИЛ ТАЛБАЙД УРГУУЛАХ ТЕХНОЛОГИЙГ АНХ НЭВТРҮҮЛЖЭЭ

 Биндэр сумын Сум дундын ойн анги нь Баян-Адрага, Дадал, Норовлин  сумдын 502778 га ойн талбайг хариуцан үйл ажиллагаагаа явуулж байна.  
Мод үржүүлгийн 8 га талбайтай.  Үүгээрээ  түймэрт өртсөн   ойг нөхөн сэргээх, худалдан борлуулах, иргэдэд тарьж ургуулах аргачлалыг зөвлөдөг  аж. Сүүлийн жилүүдэд хууриашилт ихтэй байгаа учир бойжуулалтын ажил үр дүн муутай байгаа ч аль ч улиралд тарьж болох хүлэмжинд  тарьц, суулгацыг  суулгах аргыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар Биндэр сумын Сум дундын ойн ангийн дарга Г.Даваажаргал хэллээ.
Тус ойн анги анх нарсны үрийг  ил талбайд ургуулах  технологийг нэвтрүүлжээ. Тиймээс ил талбайд ургуулсан 3 настай суулгацаараа ойжуулалтын ажлыг хийдэг байна.
Биндэр сумын Улаанчулуутын ард 242-р хэсэглэл, 11-р ялгарал арчилгааны тохируулах хэлбэрийн ажил буюу ойн шигүүрлийг багасгаж таваарлаг, жигд  ой бий болгохоор 5 га-д Дэлгэр-Онон нөхөрхөл уг  ажлыг хийжээ.
Ойд үлдэх, огтолж авах модоо тусгай тэмдэглэгээгээр тэмдэглэн  моддын  хоорондох зайг 1 метр байхаар тооцолон хийж,    10 гаруй хоногт 20 гишүүн гүйцэтгэжээ.  1 га тохируулах хэлбэрийн ажлын хөлс 128 мянган төгрөг байдаг.  Нэг хүний ажлын хөлс өдөрт 7000 орчим төгрөг болдог.  Хувь хүн, нөхөрлөлд ашигтай байх талыг нь хардаггүй шигүүрсэн ойн  ургах нөхцлийг нь хангаж, гэрлийн тэнцвэрийг бий болгож, ойгоо хамгаалах л ажил гэдгийг манай гишүүд ухамсарлан  ажлаа  хэрэгжүүллээ гэж Дэлгэр-Онон нөхөрлөлийн ахлагч Ц.Уранцэцэг онцолсон юм. 


ХАМТРАН ТӨСӨЛ БИЧИЖ ШИНГЭН БҮТЭЭГДЭХҮҮН САВЛАХ ТӨХӨӨРӨМЖ АВЧЭЭ

Дадал сумын  Амирлангуй нөхөрлөл  нарсны боргоцойн шүүс,  эмийн ургамал, арц, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ зэргийг худалдан борлуулж байна.  Уг нөхөрлөл 2007 онд 15 өрхийн 25 гишүүнтэйгээр  байгуулагдаж,   ойн дагалдах баялгаар бүтээгдэхүүн хийж  нөхөрлөлийн гишүүн Баярсайн Улсын дагалдах бүтээгдэхүүн  шалгаруулах уралдаанд тэргүүлжээ.
4133 га талбайг гэрээгээр хамгаалж, НҮБ-ын ХХАБайгуулага /FAO/ төслийн дэмжлэгтэйгээр  ойд арчилгаа, цэвэрлэгээг жилд 5 га-д хийж байна.  Дадал сумын нөхөрлөлийн гишүүдийн хийсэн бүтээгдэхүүнийг Амирлангуй ойн нөхөрлөл дэлгүүрээрээ борлуулж өгдөг гэнэ.
Амирлангуй, Балжийн мандал, Барчид төсөл хамтарч 3 сая төгрөгийн төслийг НҮБ-ын ХХАБайгуулага  /FAO/ төсөлд бичиж шингэн бүтээгдэхүүн савлах тоног төхөөрөмж авчээ. Уг төхөөрөмж нь суманд мөдхөн ирэх тул нөхөрлөлүүд үйл ажиллагаагаа  улам өргөжүүлэхээр  хичээнгүйлэн ажиллаж байна.
Хөдөө орон нутагт борлуулт муу байдаг тул Улаанбаатар хотын томоохон  худалдааны төвүүдтэй хамтран  борлуулалтаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа  Амирлангуй нөхөрлөлийн удирдах зөвлөлийн гишүүн  Г.Үржинханд  илэрхийллээ.
Дадал сумын төвөөс 67 км-ын цаана үйл ажиллагаагаа явуулдаг   Баянцагаан ойн нөхөрлөлийн гишүүн хусны үйс, ур мод, битүү модоор бэлэг дурсгалын  зүйлс хийж, түүнээ борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлж байна.

УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Биндэр сумын Чингис тоонот жуулчны  баазад НҮБ-ын ХХАБайгуулага  
 /FAO/төсөл хэрэгжиж буй ой бүхий Хэнтий, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган  аймгийн  удирдах зөвлөл  хуралдлаа.
 Дайн дэлхийн БОС-н мэргэжилтэн Кентагo Aoki
“Даян дэлхийн БОСан нь дэлхийн хэмжээнд тулгамдаж буй хэд хэдэн  асуудалд анхаарч НҮБ-ын ХХАБайгууллагатай хамтран ажиллаж байна. Монгол орны ой эмзэг, өртөмтгий байгаа учир  зөвхөн ой гэхгүй Биологийн олон янз байдлаас  гадна нүүрстөрөгчийн  хуримтлалыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа.  Монголд ирэхдээ төслийн үйл ажиллагааг дүгнэхээр ирсэн. Орон нутгийн  хамтрагч байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр  бүхий л боломжоороо  ажиллаж байна.
Даян дэлхийн БОСан үйл ажиллагаагаа явуулаад 25 жил болж байна. Байгаль орчин хийгээд хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа тул цаашид  бүхий л төрлийн оролцоог хангах төсөл хэрэгжүүлэх болно” гэлээ.
Сонирхуулахад Монголын хамгийн өндөр мод Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг Жарайн голд байдаг бол Хамгийн бүдүүн мод Булган аймгийн Тэшиг сумын Тавтайн тохойд, харин  Хэнтий аймгийн   Норовлин суманд 600 орчим  жилийн настай монголын хамгийн урт настай мод байдаг байна.
 
Б.Гэрэлням