Танин мэдэхүй

Ойн нүүдэл

Ойн нүүдэл 

-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөнх ногоон царс уулын энгэр доогуур хүрээгээ тэлж, эвэр мод өргөргөө даган өгсөж, нүүж эхэлжээ- 

Ойн нүүдлийн талаар та хэр ихийг сонсож, уншиж байсан бэ? Үнэндээ бидний ихэнх нь шувууд, мал амьтдын нүүдлийн талаар мэдэх болов уу. Харин ой нүүдэг гэдгийг магадгүй та энэ номыг унших хүртлээ сонсоогүй ч байж мэднэ. Ой хөлгүй атлаа, мод хөрсөнд үндсээрээ бэхлэгдсэн мөртлөө шувууд, амьтад шиг нүүж чаддаг нь гайхмаар биш гэж үү.

Өдгөөгөөс 11 мянган жилийн өмнө тохиосон сүүлчийн мөстлөгийн дараа уур амьсгалын өөрчлөлтөд тэсэж үлдэхийн тулд ой уулын дээд, доод тал руу нүүж байсан ул мөр бий. Мөстлөгийн үе төгсөж, агаарын температур аажмаар нэмэгдэх тусам сэрүүн бүсийн болон тундрын ургамал шинэ хөрсийг эзэлж эхэлжээ. Харин сэрүүн бүсийн ихэнх ургамал дэлхийн бөмбөрцгийн хойд хагас руу “дүрвэсэн” гэдэг.

Зарим төрлийн мод хойд зүгийг чиглэн бүтэн зууны турш 100 км нүүдэллэдэг гэх тооцоо ч бий. Модны төрөл, генетикийн дасан зохицох чадвар, газар нутгийн онцлог, уур амьсгал, тэр ч байтугай хүний үйл ажиллагаа гээд олон арван хүчин зүйлээс шалтгаалан ойн нүүх хурд янз бүр байдаг ажээ. Энэ бүгдээс бидний ойлгох ёстой гол зүйл юу вэ? Ойгоор бүрхэгдсэн газар нутгийн хэмжээ ямагт өөрчлөгддөг гэсэн ухагдахуун юм.

Ой нүүдэг шалтгааныг задалж харвал тун энгийн дүр зураг бууна. Амьд биет үр удмаа үлдээдэгтэй нэгэн адил ойг бүрдүүлэгч мод, ургамал үрээ ойр хавьдаа цацдаг. Үүнийг үрийн хүч буюу ойн нүүдлийг хөтлөгч эерэг хүчин зүйл гэж тодорхойлдог юм байна. Ажвал, ойн захаар ургаж буй залуу модод нь ойн нүүдлийг залагч шинэ үеийнхэн гэсэн үг.

Харин ой нүүхэд нөлөөлдөг хоёрдогч хүчин зүйл бол хүрээлэн буй орчны шахалт. Өөрөөр хэлбэл, цаг уур, уур амьсгалын нөхцөл байдал, үрийн унасан орчин, ургах чадварт нөлөөлөх хүч. Үрийн хүч, хүрээлэн буй орчны нөлөөлөл хоёр ямагт эсрэгцэж, өрсөлддөг ажээ. Орчны нөлөөллийн хүч бага байвал үрийн хүч давамгайлж, залуу ой ургадаг. Харин хүрээлэн буй орчны нөлөөлөл давамгайсан тохиолдолд ойн зах хязгаарлагдаж эхэлдэг байна. Ингэснээр үр ургах чадвар эрчээ алдаж, залуу ой ургах явц хумигддаг. 

-Шведэд 2002 онд зулзган хус модод өмнө нь мод байгаагүй шинэ газар ургасныг тогтоосон бөгөөд 50 жилийн дотор 240 метр дээшилсэн байна- 

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ойн нүүдэл хурдтай явагдаж байна гэх хандлага судлаачдын дунд өргөн тархаж байна. Иймд уур амьсгалын өөрчлөлт ойн нүүдэлд хэрхэн нөлөөлж буйг мэдэхийн тулд судлаачид өнгөрсөн түүхийг сөхжээ. Ингэхдээ 11 мянган жилийн тэртээх мөстлөгийн эхэн үед хамаарах ургамлын тоосны чулуужсан үлдэгдлийг шалгаж, молекул генетикийн судалгаа хийсэн байна. Ингээд ой өсөн тэлэх гэж нүүдэг, бас нүүдлийг нь хурдасгасан гадаад хүчин зүйлийн нөлөө ч хүчтэй байгааг олж тогтоожээ. Мөн ойн тэлэлт дэлхийн бөмбөрцгийн өргөргийн дагуу явагддаг байна.

Хамгийн сүүлд Испанийн Каталоны ойг бүрдүүлэгч хоёр зүйлийн мод уур амьсгалын өөрчлөлтийн улмаас нүүж эхэлснийг тогтоосон байна. Европын эвэр мод, мөнх ногоон царс моддын ургадаг ууланд өнгөрсөн хагас зуун жилд агаарын температур 1.5 градусаар дулаарч, ихээхэн хэмжээний ууршилт явагджээ. Гэтэл мөнх ногоон царс уулын энгэр доогуур ургаж, харин эвэр мод өргөргөө даган дээшлэх болсон байна.