Танин мэдэхүй

Ойн сүрчиг

Ойн сүрчиг  

-Ойн амьтан ургамал, модод гээд амьтай бүхнээс гарах үнэр бүхэн өөр өөрийн зорилго, бас үүрэгтэй байдаг- 

  

Тансаг, анхилам сүрчигний гол орцонд царс, агар, зандан мод гээд ойн модноос гарган авсан үнэртэн заавал ордгийг та мэдэх үү. Цаашлаад технологийн дэвшил, шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан дэлхий дахинаа өнөөдөр гэр ахуй, хүмүүсийн хэрэглээнд зориулан ойн үнэртэй төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн гаргаж байна. Мод, ургамал гээд бүхий л амьд биеэс ялгарах янз бүрийн үнэр нь хоорондоо уусан нэгдэж, өөр өөр үнэрийг бий болгодог ажээ. Гавар, нарс, гааны үнэр нь үүний нэг тод жишээ. Судлаачдын тогтоосноор ойд 25 мянгаас дээш төрлийн үнэр ялгардаг бөгөөд эдгээр нь хоорондоо нэгдэн урвалд орж, сая саяар тоологддог байна.

Ойн амьтан ургамал, модод гээд амьтай бүхнээс гарах үнэр бүхэн өөр өөрийн зорилго, үүрэгтэй. Зарим ургамлын үнэр өвсөн тэжээлтнүүдийг өөрөөсөө үргээнэ. Зарим нь зөгий мэтийн бал цуглуулагчдыг урин дуудаж, хоолоо олоход нь тусалдаг. Зарим мод үнэрээрээ шимигчдийг хөөж, хорхойтой тэмцэн, өөрийгөө эмчилдэг гээд тэднээс ялгардаг “сүрчиг” бүхэн өөр.

Ойгоос ялгардаг үнэрийн гол “үйлдвэрлэгч” нь хөрс. Хөрс бага зэрэг хөндөгдөж өөрчлөгдөхөд л өнгөн хэсэгт үүссэн ялзмагаас содон үнэр ялгардаг байна. Монгол орны ойн хөрс, хөвдийн ач тус асар их. Ус чийгийг нэгэн хэмд барьж, мөнх цэвдгийг гэсэлтээс хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна ойн дулаан, чийгийн тэнцлийг хадгалснаар модны ургах нөхцөлийг хангаж байдаг. Хөвдийг хамгаална гэдэг нь ойг хамгаалж буй хэрэг юм. Түүнчлэн ойн чийглэг уур амьсгалтай нөхцөлд ургасан навчис, амьтдын ялгадас зэрэг нь урвалдан нэгдэж, нэгэн төрлийн шинэ үнэр ялгарснаар биологийн бас нэг урвал явагддаг

-Судлаачдын тогтоосноор ойд 25 мянгаас дээш төрлийн үнэр ялгардаг бөгөөд эдгээр нь хоорондоо нэгдэн урвалд орж, сая саяар тоологддог-  

Хүмүүсийг түрхсэн сүрчигнийх нь үнэрээр тухайн хүний талаар ямар нэг ойлголт авч болдог гэж үздэг. Үүнтэй адил ойн үнэр бас өөрийнхөө талаар тодорхой мэдээлэл өгч байдаг ажээ. Дэлхийн олон орны сэтгэл судлаачид сүүлийн үед байгалийн, тэр дундаа ой модны үнэрээр өөрийгөө тайвшруулахыг зөвлөх болсон байна. Жишээ нь, энэ салбарын мэргэжилтнүүд сэтгэлийн дарамттай үедээ зандан модны үнэртэй хүж асаахыг зөвлөх болов. Зандан модны үнэр сэтгэл санааны хямралыг зогсоож, тэнцвэрийг тогтоодог гэх. Сарнайн үнэр нь уран бүтээлийн эрч хүчийг нэмдэг байна. Тэрчлэн уушгины архаг үрэвсэлтэй, хүндээр өвдсөн хүн нарсан ойд өдөрт багадаа 1-2 цаг алхаад байвал тодорхой хугацааны дараа эрүүл болно хэмээн зөвлөж байна. Энэ мэтээр тоочвол гайхамшигт ойн зөвхөн үнэрийн ач холбогдол асар их ажээ.