Мэдээ мэдээлэл

Ойн цэвэрлэгээнээс гарсан модоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орлогоо нэмэгдүүлж байна

Ойн нөхөрлөлүүд “Ой бүхий аймгуудын биологийн  олон янз байдлын  хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төсөлд хамрагдаснаар ойн аж ахуй эрхлэх мэргэжилтэй ажилтантай болохоос гадна зах зээлийн мэдээлэл олж авах өргөн боломж нээгдэж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиг орлогоо нэмэгдүүлсээр байгаа юм.

Үүний нэг үлгэр жишээг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Зулзган-төгөл” нөхөрлөл харуулж байна.

Тус нөхөрлөл өөрийн хариуцсан ойн сандаа  2017 онд 5 га талбайд гэрэлжүүлэх ажил хийж, арчилгаанаас гарсан нарийн моддыг түлээ хэлбэрээр борлуулан орлого олж байсан бол 2018 онд 5 га –д хийсэн арчилгааны ажлаасаа гарсан нарийн шургаагуудаар 3 иж бүрдэл бог малын зөөврийн хашаа хийж говийн аймагт нэг иж бүрдлийг нь 1.2 сая төгрөгөөр, нийт 3.6 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Цэвэрлэгээс гарсан модыг шургааг чигээр нь буюу түлээ хэлбэрээр худалдсан бол 540,000 төгрөгөөр л борлуулах байв. Ийнхүү ойн арчилгаанаас гарсан нарийн модоор өртөг шингээж бүтээгдэхүүн болгож борлуулан ашиг олж болохын ач тусыг хүртэж, бусад нөхөрлөлүүддээ үлгэр дууриал болж байна.

Төслөөс нөхөрлөлүүдэд ойд арчилгааны 1 ба 2 р насны ангиллын огтлол хийх сургалт хийж, сайдын тушаалаар төсөлд хамрагдсан нөхөрлөлүүдэд дээрх ажлын зөвшөөрөл олгогдож, арчилгаа хийж сурсан нь ийнхүү зохих үр дүнгээ өгөв.

Түүнчлэн ойгоос гарч буй хаягдал мөчир, тайрдас зэргийг ашиглан төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ. Тухайлбал, Жаазтай зурагт наамал, хус модны тайрдас дээрх зураг зэрэг бүтээгдэхүүн хийж аймаг нийслэлд болж буй үзэсгэлэн худалдаанд оролцон амжилттай борлуулан ашиг олж,өрхийн орлогоо нэмэгдүүлээд байна.

Энэ нь мөн л төсөлд хамрагдаж нэг хүнээ мужаан, гар урлалын сургалтанд суулгасан, нөхөрлөлийн гадагшаа харьцах хүрээ тэлсний өгөөж юм.

“Зулзган-төгөл” нөхөрлөлийн ойн хаягдал ашиглаж  хийсэн  бүтээгдэхүүний борлуулалт:

Он

 

Борлуулалтын дүн/төгрөгөөр/

Хаана борлуулсан

1.

2017 онд

       2,500,000

Мишээл-экспо болон Сүхбаатарын талбайд болсон үзэсгэлэн худалдаагаар

2.

2017 онд

       1,350,000

3.

2018 онд

        900,000

Аймгийн нөхөрлөлийн чуулганаар

4.

2019

       200,0000

 

 

2019

745,000 ₮

11 сарын 29- нөөс12 сарын 01-нд болсон "Байгальд ээлтэй бүтээгдэхүүн” УБ-ийн үзэсгэлэн худалдаанд 70 гаруй бүтээлээр оролцсон

“Зулзган-төгөл” нөхөрлөл 2015, 2016 онуудад ойн цэвэрлэгээгээр нэг өрх нь хоёр тэвш түлээний мод л авдаг байв. Энэ нь ойролцоогоор 300,000 төгрөгийн үнэтэй юм. Тэгвэл өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсноор нэг өрхөд ногдох өрхийн орлого 690,000- 750,000 төгрөг болж өсчээ.