Мэдээ мэдээлэл

Ойчид арчилгааны аргад суралцлаа

Сум дундын ба сумын ойн ангийн дарга, инженерүүдэд ойн арчилгаа, түүний зорилго, ач холбогдол, арчилгааны хэлбэр, арга, давтамж, арчилгааны ажлыг зохион байгуулах, материал боловсруулах, хяналт шалгалт хийх талаар мэдлэг өгөх зорилгоор өнгөрсөн зургаадугаар сард Ойн төслийн зөвлөхүүд болон ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, эрдэм шинжилгээний ажилтан, Доктор З.Цогт Булган, Хөвсгөл, Дархан уул, Сэлэнгэ аймагт сургалт зохион байгууллаа. Сум дундын ба сумын ойн ангиудын дарга, инженерүүдийн мэргэжил дээшлүүлэх танхимын сургалтыг Булган аймаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд, хээрийн дадлагыг Бугат сум, Зүүн түрүүний ар гэдэг газрын, насны 2-р ангийн шинэсэн ойд хийсэн байна. Мөн ойн арчилгааны талаарх онолын хичээлээр Монгол орны ойн тухай ерөнхий ойлголт, манай орны нөхцөлд ойн арчилгааны талаар хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүн, ойд арчилгаа, цэвэрлэгээний ажил хийх зорилго, үндэслэл, шаардлага, ач холбогдол гэсэн сэвдээр хичээл оржээ. Мөн ойн арчилгааны ажлыг төлөвлөх, арчилгааны ажлын хэлбэрүүд, талбай сонгох, огтлох модыг сонгох, тэмдэглэх, ойд арчилгааны ажлыг гүйцэтгэх шаардлага, онцлог, огтлолтын эрчим, тэмдэглэж сонгосон огтлох модыг авах, техник арга технологи зэрэг сэдвээр онолын мэдлэг олгожээ.

Түүнчлэн хээрийн сургалт, дадлагын сургалтыг Булган аймгийн Бугат сумын нутаг Зүүн түрүүний ар гэдэг газарт насны 2-р ангийн шинэсэн ойд тохируулах арчилгааны ажлыг 20х20 м хэмжээтэй дөрвөн талбайд гүйцэтгэсэн байна. Энэ үеэр арчилгаа хийх ойн талбайг тусгаарлах, жишиг талбай байгуулах, авах мод, үлдэх модыг тэмдэглэх, модны тооллого хийх, ойн дундаж диаметрийг тодорхойлох, модны хөндлөн огтлолтын талбайн нийлбэрийг тодорхойлох, нөөц болон өтгөрөл, огтлолтын эрчмийг хэрхэн тодорхойлохыг заажээ. Мөн модны өндөр хэмжих, модыг цагаалах, хураах, талбай цэвэрлэх, арчилгаанаас гарсан модны нөөцийг тодорхойлох зэрэг ажлыг дарга, инженерүүдээр биечлэн гүйцэтгүүлсэн байна.

Ойн төслийн зөвлөх, Доктор З.Цогт:

-Сургалтанд оролцсон дарга, инженерүүд арчилгаа хийх ойн талбайг сонгох, тусгаарлах, модны тооллого хэмжилт  хийх, ойн дундаж модны өндөр, диаметрийг яаж олох, нөөцийг тодорхойлох талаар мэдлэгийг тус тус эзэмшсэн. Сургалтанд оролцсон дарга, инженерүүд арчилгаа хийсэн ойн талбайн тооллого, хэмжилтийн материалыг боловсруулж ойн таксацын үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлж сурсны зэрэгцээ, хяналт үнэлгээ хийх, өөрсдийн хариуцсан бүс нутгийн ойд тохирсон хүснэгт, тахирмаг боловсруулах талаар анхан шатны мэдлэг боловсролтой болсон нь энэхүү сургалтын гол үр дүн юм хэмээн дүгнэсэн байна.