Мэдээ мэдээлэл

ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ

НҮБ-ын ХХААБ-ын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх” төсөл “Өөрчлөлтийг чиглүүлэгч төв” ТББ-тай хамтран харилцааны ур чадвар, ёс зүй, үр ашигтайгаар ажлаа төлөвлөх, гүйцэтгэлийг тайлагнах, зөрчлийг шийдэхүй зэрэг байгууллагын хөгжилд зориулсан сургалтыг арваннэгдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтад Хэнтий, Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг дахь орон нутгийн зохицуулагчид, ойн нөхөрлөлийн гишүүд, Сум дундын ойн ангийн төлөөлөл болон Ойн нөхөрлөлүүдийн холбооныхон гээд нийт 33 хүн хамрагджээ.

Сургалтын хөтөлбөрийн агуулгыг орчин цагийн арга аргачлалуудад тулгуурлан боловсруулсан бөгөөд би хаана явна вэ, өөрийгөө таних нь, цагийн менежмент, хамтран ажиллахын утга учир, ажлын үр дүнд EQ нөлөөлөх нь, ажлаа зөв төлөвлөх нь, ажлаа хэрхэн тайлагнах вэ, харилцааны тухай бид юу ойлгох ёстой вэ, зөрчлийг шийдэхүй гэсэн модулиар зохион байгуулсан байна.

Жишээ нь, эхний модулийн агуулга нь орчин цагийн хүмүүсийн амжилтын гол хөтөч болсон АНУ-ын зууны илтгэгя Стивен Ковейгийн бичсэн “Амжилттай хүний долоон чадамж” номноос сэдэвлэсэн хувь хүн өөрөө өөрийгөө таних хичээлээр дотоод ертөнц рүүгээ өнгийж харах боломж олгосон байна. Мөн хамтран ажиллахын утга учрыг АНУ-ын сансрын нисгэгчдийг бэлтгэдэг сургалтыг багтаажээ. Энэ нь тухайн нисгэгчид хүнд нөхцөл тохиолдоход багаар хэрхэн ажиллах чадвартайг шалгах байсан аж.

Түүнчлэн ажилтнуудаа хэмжих хэмжүүрийг тэдний IQ буюу оюуны чадамжаар тогтоодог байсан цаг саяхан. Гэвч өнөөгийн нийгэм, өнөөгийн цаг үеийн байгууллагад IQ өндөртэй хүн бус харин хандлага төлөвшлийн хувьд “зөв хүн” байх нь чухал юм. Өөрөөр хэлбэл, өөрийгөө таньж мэдэх, нийгмийн хэрэгцээ шаардлагыг мэдэрдэг, бусадтай амжилттай хамтран ажиллах чадвар буюу EQ өндөртэй хүн эрэлттэй болсон байна. Иймд EQ-г залах, удирдах арга техникийг эзэмших суурийг тавихын зэрэгцээ өөрийгөө хаана яваагаа тодорхойлж, хөгжүүлэх чигээ тогтооход уг сургалтаар заажээ. Зөрчлийг шийдэхүй буюу сүүлийн сургалтын агуулга нь байгууллагад ажиллаж байгаа хүмүүс ихэнхдээ зөрчил таагүй зүйл мэт харах нь элбэг байдаг ажээ. Үүнтэй холбоотой зөрчилтэй асуудлыг шийдэх боломж улам багасдаг байна. Харин энэхүү модулиар зөрчлийн тухай ойлголтыг цэгцэлж хэрхэн ажиллах талаар ярилцжээ.

“Өөрчлөлтийг чиглүүлэгч төв” ТББ-ынхан сургалтын талаар “Сургалтыг ажлын хоёр өдөрт багтаан 20 академик цагаар зохион байгууллаа. Сургалт бүхэлдээ насанд хүрэгчдийн сургалтын аргад тулгуурлан явагдсаны зэрэгцээ хүлээн авч байгаа агуулгын хүрээнд оролцогчид өөрсдийн хувь хүний хандлага, харилцаа, хувийн зохион байгуулалт, цагийн менежментээ холбогдох тестүүд ажиллаж тодорхойлсноор энэ нь хамт олны уур амьсгал болон ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлж болох талаар ярилцсан. Мөн байгууллага доторх харилцаа болон зөрчлийг шийдэх, бусадтай хамтран ажиллах чадварын талаар кейс, тодорхой даалгавруудыг багаар гүйцэтгэн бодит ажил руугаа буулгаж, ажлын туршлага дээрээ үндэслэн хүлээж авах байдлаар ярилцаж, боломж ба гарцыг олоход чиглүүлэхийг зорьж ажиллалаа” хэмээн тайландаа дурдсан байна.