Танин мэдэхүй

Төгс хослол

Төгс хослол 

-Хлорофилээ алдсан навчис чихэрлэг бодисоо гээснээр шүүс гүйж байсан судлууд хаагдан хатаж эхэлнэ. Төд удалгүй навчис унадаг- 

 

Монгол орны ой, тэр дундаа Хөвсгөлийн их тайгын ойн намрын өнгийг байгалийн өнгө будгийн төгс хослол хэмээн хэлэхгүй байх аргагүй. Нийслэл Улаанбаатарын хувьд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ойн өнгөний хослолыг намар олонтаа харсан биз ээ. Ногоон, шар, цайвар шаргал, улаан шаргал гээд нарийвчилж тооцон тоолбол олон өнгөний жагсаалт энд бичигдэнэ.

Тэгвэл энэ гоё ганган өнгөний хослол байгалийн ямар үзэгдлийн нөлөөгөөр тодрон туяараад байна вэ? Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалж тогтоосон тайлбарыг хамтдаа харъя. Ойн өнгийг бүрдүүлэгч бодис нь нөсөө буюу пигмент юм. Энэ нь гэрлийн спектр дэх долгионыг тусгагч молекулууд бөгөөд өнгүүдийг үүсгэдэг ажээ. Хлорофил хэмээх энэхүү нөсөө ойн ногоон өнгийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Хавраас эхлээд зуны турш навчсыг ногоон өнгөтэй байлгаж, фотосинтез явагдах үндсийг бүрдүүлдэг. Нарны энергийн нөлөөгөөр ургамлын навчист үүсдэг чихэрлэг бодис нь шүүсээр дамжин тархаж, тухайн ургамлын ургаж цэцэглэх нөхцөлийг бий болгодог юм байна.

-Намар болоход Канадын ой халуун бүсийн ойн гол өнгө болох маргад эрдэнийн нөмрөгөө тайлж, алтлаг болон улаан өнгийн гоёлоо өмсдөг-   

Хэдийгээр хлорофил давамгайлах шинжтэй байдаг ч зарим нь, тухайлбал, каротин хэмээх нөсөө нь навчсыг улаан шаргал өнгөтэй болгодог аж. Энэ хоёр нөсөөний нөлөөгөөр ойд цайвар ногоон өнгөнөөс эхлээд гүн, хар ногоон өнгө давамгайлна. Харин намар болж нарны элч сааран, сэрүүсэх үед хлорофилийн нөлөө багасдаг. Энэ үед каротин давамгайлан, навчсын өнгө шаргалтан улайж, ой шар болон улаан хүрэн өнгөөр хучигддаг байна.

Хлорофилээ алдсан навчис чихэрлэг бодисоо мөн гээснээр шүүс гүйж байсан судлууд хаагдан хатаж эхэлдэг. Ийнхүү төд удалгүй навчис унана. Ийн унасан навч гурав дахь нөсөө болох антоцианы нөлөөгөөр гүн улаан, заримдаа улаан шар өнгөтэй болно. Харин ийм үзэгдэл агч болон улаан царс модон дээр илүүтэй ажиглагдана. Гэхдээ нөсөө нь ойн өнгийг бүрдүүлэгч нэг л хүчин зүйл хэмээн судлаачид тэмдэглэжээ.