Мэдээ мэдээлэл

Төслийн орон нутгийн зохицуулагчид болон ойн нөхөрлөлийн холбоодынхон сургалтад хамрагдлаа

НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлыг хамгаалах, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх” төслийн орон нутгийн зохицуулагч нар болон ойн нөхөрлөлийн холбоодынхон байгууллагын соёлыг бэхжүүлэх зорилготой хоёр өдрийн сургалтад хамрагдлаа.

Сургалт бүхэлдээ насанд хүрэгчдийн сургалтын аргад тулгуурлан явагдсаны зэрэгцээ хүлээн авч байгаа агуулгын хүрээнд оролцогчид өөрсдийн хувь хүний хандлага, харилцаа, хувийн зохион байгуулалт, цагийн менежментээ холбогдох тестүүд ажиллаж тодорхойлсноор энэ нь хамт олны уур амьсгал болон ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлж болох талаар ярилцсан юм.

Мөн байгууллага доторх харилцаа болон зөрчлийг шийдэх, бусадтай хамтран ажиллах чадварын талаар кейс, тодорхой даалгавруудыг багаар гүйцэтгэн бодит ажил руугаа буулгаж, ажлын туршлага дээрээ үндэслэн хүлээж авах байдлаар ярилцаж, боломж ба гарцыг олоход чиглүүлэхийг зорьж ажиллалаа.

Байгууллагын соёлыг бүрдүүлэгч нь байгууллагын гишүүд бөгөөд гишүүдийг нэгтгэж байдаг, эерэг соёлын элементүүдийн талаар ярилцсан байна. Ингээд багийн гишүүдийн хувийн үнэт зүйл, байгууллагын үнэт зүйлтэй хэрхэн нэгдэж байх ёстой  талаар агуулгыг хүргэсэн нь үр дүнтэй болжээ.

Сургалтын зорилгоор үнэт зүйлсийг тодорхойлуулж харахад хувь хүний үнэт зүйлээр ГЭР БҮЛ хамгаас үнэтэй гэж оролцогчид 100% санал нийлсэн бол “Ойн нөхөрлөл”-ийн удирдлага, гишүүдийн хувьд байгууллагынхаа үнэт зүйл гэж харж буй зүйлс дээр 100% санал нэгдэх үнэт зүйл байсангүй. Оролцогчид энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийж, байгууллагынхаа хувьд үнэт зүйлсээ хэрхэн тодорхойлох, түүнийгээ ажилтнуудынхтайгаа хэрхэн холбох талаар асууж ярилцлаа.  

  • Ажилтнуудаа идэвхжүүлэн удирдах: Хүнийг удирдах, урамшуулан идэвхжүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд хэрхэн ажиллах талаар тус сургалтаар ярилцсан. Оролцогчид ажилтнуудаа хэрхэн үнэлэх, урамшууллын арга хэрэгслийг тохируулахад юуг анхаарах хэрэгтэй зэргийг дасгал ажлын тусламжтайгаар нэлээд дэлгэрэнгүй ярилцав.
     
  • Багийг удирдах, бүтээмжээ нэмэгдүүлэх:  Багийн дотор би хэн бэ? Оролцогчид багийн дотор гүйцэтгэдэг үүргээ тодорхойлж харцгаасан нь өөртөө дүгнэлт хийж, бусадтай хамтрах шалтгаанаа, хэрхэн хамтрах хэрэгтэйгээ олж харж чадлаа. Мөн үр дүнтэй хамтран ажиллахын тулд баг нь зөв бөгөөд тэнцвэртэй байх хэрэгтэйг, хэрхэн энэ багийг бүрдүүлэх талаар мэдэж авсан.

Сорилоос бүх хүмүүст байгаа нийтлэг сул тал нь удирдах зохион байгуулах чадвар, шинийг санаачлах чадвар, нөөцийг эрэлхийлэгч чадварууд байсан бол давуу талаараа харилцааны зөрчлөөс сэргийлдэг багийн гишүүний хэв шинж давамгайлж байлаа.  

Хоёр өдөр үргэлжилсэн сургалтад хамрагдагсад 100 хувийн ирцтэй оролцов.