Мэдээ мэдээлэл

Төсөл хэрэгжүүлснээр Хөвсгөл аймагт гарсан ГУРВАН ГОЛ ҮР ДҮН

Хөвсгөл аймгийн 22 сум, нэг тосгон нийт 4,011,821 га талбай ойн сантай. Ойн сангийн талбай нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 35.6 хувийг эзэлдэг.

Одоогийн байдлаар 285 нөхөрлөл 947,659 га талбайг гэрээгээр эзэмшиж байгаа бөгөөд нөхөрлөлийн гэрээгээр эзэмшиж буй ойн сан нь аймгийн ойн сангийн 23.6 хувийг эзэлж байна.

Ойн нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих замаар ойн санг түймэр, хууль бус мод бэлтгэлээс хамгаалах,  нөхөрлөл болон ажиллаж буй иргэдийг байгальд ээлтэй санхүүгийн эх үүсвэртэй болгох зорилго бүхий “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн Хөвсгөл аймагт гарсан гурван гол үр дүнг танилцуулж байна.


1. Нийгэмд үзүүлж буй ач холбогдол

Төсөлд хамрагдсан нөхөрлөлүүдийн гишүүдийн хандлага хамтарч хаддаг, мал ахуйгаа хамтарч малладаг эвсэг гэр бүл, баг хамт олон олон төлөвшиж байна.

Түүнчлэн орон нутагтаа ажлын байр бий болгож, шинэ орлоготой болох боломжийг бий болгох зорилгоор аймгийн  МСҮТ , “Өөжин буурал” ТББ,  ШУТИС-тай хамтран мужаан, бэлэг дурсгал,  модон эдлэл хийж, өрхийн орлогоо хэрхэн нэмэгдүүлэх долоон удаагийн сургалт явуулжээ. Сургалтад нийт 150 хүн хамруулснаар 20 өрх орлогоо нэмэгдүүлж, өөрсдөдөө ажлын байр бий болгосон байна.  Тухайлбал, Түнэл сумын "Уртбулаг", "Талын толгой" нөхөрлөлүүд Их тайга цайны үйлдвэрийн цайны ургамлын түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх гэрээт ажлыг 5 жилийн турш  гүйцэтгэж, амжилттай ажиллаж байгаа юм. Энэ хоёр нөхөрлөл нь нь орон нутагтаа ажил орлогогүй байсан 45 залууг ажлын байраар/4 сараас-12 сар хүртэл/ханган үйл ажиллагаагаа явуулж байна.

Нөхөрлөл хөгжиж, баг хамт олны үйл ажиллагаа жигдрээд ирэхээр сум орон нутгаасаа аймаг хот руу шилжих явах урсгалыг сааруулж, сүүлийн 3 жилд  4 өрх  аймгаас сум руу,  2 өрх Улаанбаатар хотоос сум руу шилжиж ирж, суурьшсанаас  сургууль төгссөн 4 залуу нутагтаа буцан ирж, ажил амьдралын гараагаа амжилттай эхлүүлсний нэг нь  ШУТИС төгссөн  Отгонпүрэв  төрөлх Түнэл сумандаа ирж, мужааны цех ажиллуулан дөрвөн хүнийг ажлын байраар хангажээ.

Ойн сангаа хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр өөрсдөөр нь төлөвлөгөө хийлгэн, түүнийг нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж дүгнүүлдэг болсон нь сум иргэдийн холбоог сайжруулах, төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлснөөр энэ тал дээр хүмүүсийн ухамсар сэргэж байна.

Жишээлбэл, Сүүлийн жилүүдэд багийн хурал, сумын хурал зөвлөгөөн, аймаг, хотоос очиж хийж байгаа сургалт семинарт орон нутгийн иргэдийн оролцоо огцом буурч, хүмүүсгүй хурал зөвлөгөөн зарлагдаж байсан бол одоогоор сумын төвд зохион байгуулагдаж байгаа хурал  цуглаанд оролцогчдын 80-90 хувь нь төсөлд хамрагдсан нөхөрлөлийн гишүүд байдаг болсон гэж сумын хариуцлагатай хүмүүс ярьж байгаа нь хүмүүсийг хариуцлагажуулахад зөв мэдээлэл хүмүүсийн амьдралд хэчнээн үр дүнтэй болохыг харуулж байна.


2. Эдийн засгийн ач холбогдол

Малчид, иргэдийг аймаг, хотод өөр аймагт сургалтанд явах үед мөнгөн урамшуулал олгож өрхийн орлогот тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Тухайлбал, Цагаан-Үүр сумын Бадар нөхөрлөлийн 3 гишүүн аймагт сургалтанд суугаад төслөөс олгосон урамшууллын мөнгөөрөө 4 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж одоо өрх бүр жилийнхээ хүнсний ногооны хэрэгцээг ханган авдаг болсон.

Ойн сангаас орлого бий болгох төслийн уралдаан 24 нөхөрлөлийн дунд зарлан 11 нөхөрлөлийг шалгаруулж 11 сая төгрөгний буцалтгүй хөрөнгө олгож өрхийн үйлдвэрлэл жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжин ажиллаж байна.

Нөхөрлөлийн гишүүдийг ойн сангаа арчлах тордох ажилд нь дэмжлэг үзүүлж 18 сая төгрөгний тусламж үзүүлэн нөхөрлөлийн гишүүд болох малчдыг зөвхөн мал аж ахуйдаа өнгөрөөж байгаа цаг хугацааг ойн санд нь зарцуулах цаг хугацаа боломжийг олгож, нийт 24 нөхөрлөлийн 24 гишүүнд сургалт явуулснаар зөвхөн мал аж ахуйгаасаа хамааралтай байхаа больж ойн сангаасаа орлого олох арга ажиллагаанд суран малаа чанаржуулах, өөр орлого олох боломжийг судалдаг болон амьдрал ахуй нь дээшилж байна.

Төслөөс хүмүүст хүргэж байгаа сургалтуудаас асар их мэдээлэл, ур чадварыг эзэмшин маш их зүйлийг суралцан бусдад зааж сургаж ажилладаг. Төмөрбулаг сумын Баянхангай нөхөрлөлийн гишүүд нь ойн сангаас гарсан хаягдал модыг ашиглан хөлөгт тоглоом болох даамыг өрх бүр хийж зах зээлд гаргаад байна.

Цагаан-Үүр сумын Бадар нөхөрлөлийн гишүүд үйсан саваар бэлэг дурсгалын сав хийж гадны хүмүүст бэлэг болгон 100 ширхэг савыг захиалгаар хийн нөхөрлөлийн гишүүдийн дундын санд орлого нэмэгдүүллээ.

Өрх бүр үйлдвэрлэгч болох нь бусад хүмүүстэй үлгэр үзүүлэн цагийг зөв зарцуулж сурч байна.


3. Байгаль орчинд ач холбогдол

Байгаль орчин бүх хүнд хамааралтай бүхий л амьд байх утга учрыг нь агуулж байдаг атлаа түүнийг хайрлах, хамгаалах үүргийг ганц төр хариуцана гэдэг бол ямар ч боломжгүй бас ямар ч нөхцөлгүй билээ.

Байгалиа хамгаалах нь иргэн бүрийн үүргийг амьдрал дээр хэрэжүүлэхийн тулд ойн санд амьдарч байгаа малчид, иргэдийн оролцоог дэмижх нь хамгийн шалгарсан арга. Нөхөрлөл бүлгүүдийн оролцоотой ойн сангаа, гол мөрнөө уул усаа хамгаалах ажил нь төлөвлөгөөтэй, ашигтай байхаар зохицуулагдаж төрийн үүргийг хөнгөвчлөхөд асар их тус хувь нэмэр оруулж яваа билээ.

Тухайлбал, Бүрэнтогтох сумын Хөх сайг онгон хайрхан нөхөрлөл нь 5 га талбайд мод тарьж ойн талбайг нэмэгдүүлээд байна. Нөхөрлөлийн гишүүд нь модны үрийг хэдийд хэрхэн түүх, яаж тарих, ямар ач холбогдолтойг төслийн сургалуудад сууж чадавхжсаар бодит үр дүн гарч эхэлжээ.