Мэдээ мэдээлэл

“Унаган-төрх” нөхөрлөлийн ойн санд түшиглэсэн аялал жуулчлал

Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь “Унаган-төрх” нөхөрлөл ойн сан, гол горхи, байгалийн үзэсгэлэнт газраа түшиглэн Дархан хот болон төв, суурин газраас ирэх иргэдэд үйлчлэн, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж эхэлжээ.

Төсөлд хамрагдаж эхлэх үед гарсан уг саналын анхны хэрэгжүүлэгч нь “Унаган-төрх” нөхөрлөл болсон бөгөөд ажлаа эхлүүлээд хоёр жилийн хугацаа өнгөрч байна.

Ойн цэвэрлэгээнээс гарсан модоор гурван шовгор байшингийн торхыг босгоод, дээврийн төмөр доторлогооны материал, шал, цонх зэргийн зардлыг нөхөрлөлийн дундын сангаас гаргажээ.

Нөхөрлөлийнхөн түүхийн дурсгалт Бичигт хадны чиглэлд аялах морин аяллалын хөтөлбөр гаргаж, амралтын газрын орчимд спортоор хичээллэх боломжтой болгож тохижуулахаас гадна ариун цэврийн байгууламжийг экологид ээлтэй байдлаар шийдсэн байна.

Тус амралтын газрыг зорьж очсон аялагчдад байгалийн сайхан, түүхийн дурсгалт газрыг үзүүлэхээс гадна байгаль хамгаалах сэдэл, эерэг хандлага бий болгох нь “Унаган-төрх” нөхөрлөлийнхний гол зорилго.

Ийнхүү байгаль орчинд ээлтэйгээр нөхөрлөлийнхөн жилд 1.5-2 сая төгрөгийн орлого олж байна.

Фейсбүүк хаяг болон утсаар захиалга авч үйлчилдэг тус нөхөрлөлийнхөн цаашид сурталчилгаагаа сайжруулах, гадаадын иргэдэд үйлчилдэг болох, байрууддаа зуух тавьж өвлийн жуулчин авах зорилттой ажиллаж байгаа ажээ.