Мэдээ мэдээлэл

Ховор болон ашигт ургамлын “ид шид”-тэй танилцлаа

Хөвсгөл аймгийн ойн нөхөрлөлийн гишүүдэд ойд ургаж байгаа ховор, ашигт ургамлыг таниулах, тэдгээрийг зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх аргад сургах, гишүүдийг чадавхижуулах, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ургамлын төрөл зүйлийн хамгааллыг сайжруулах зорилгоор сургалт зохион байгууллаа. Сургалтыг онол, дадлага хослуулан “Хөвсгөл далай ээж” нийгэмлэг, Ургамал судлаач багш, доктор Ph.D Ж.Оюумаа удирдан явуулсан бөгөөд ойн хэв шинж, түүнийг ялган тодорхойлох, ургаж буй ургамлын онцлог, бүтэц, үржил, нөхөн сэргээх арга, хэлбэр, Монгол Улсын “Улаан ном”, “Улаан данс”, ургамал хамгаалал гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулжээ.

Мөн ургамлыг таних, гол шинж тэмдгийг тодорхойлох, ном гарын авлага ашиглах, хатаамал бэлтгэх, ашиглах хугацаа, түүж бэлтгэх хадгалах арга технологийг зааж сургасан байна. Сургалтанд оролцсон хүмүүс   ойд ургаж буй  ховор болон  ашигт ургамлыг  таних,  ашигт ургамлын нөөцийг хомсдуулахгүйгээр   зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах  аргын талаар мэдлэгтэй болсон. 

-Уг сургалтаар нэн ховор болон ховор ургамал, МУ-ын улаан ном, улаан дансны тухай мэдээлэлтэй боллоо. Байгалийн ургамлыг тарималжуулан ашиглах боломж, өөрийн орон нутаг болон нөхөрлөлийн талбайд тархан ургаж буй ургамлыг таних түүнийг хэрхэн хамгаалах аргын нөхөрлөлийн гишүүд мэдэж авсан. Түүнчлэн Ойн ангийн мэргэжилтэнгүүд хөвдөт ой гэж юу болох, хэв шинжийг голлох ямар ургамлаар тодорхойлох аргад суралцлаа хэмээн Хөвсгөл аймгийн ОНЗ Д.Пүрэвдаш дүгнэсэн байна.

Сургалтыг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд “Шивээт” ойн нөхөрлөлийн талбай дээр зохион байгуулсан бөгөөд оролцогчид 30 зүйлийн ургамлыг цуглуулан багш нартай хамтран тодорхойлж, ашиг тус хор нөлөөний тухай мэдээлэлтэй болжээ. Тус сургалтад Цагаан-Үүр, Түнэл сумдын ойн нөхөрлөлийн гишүүд болон “Дэлгэрмөрөн” СДОА, ”Эрчимт-Идэр”СДОА, ”Нарс шинэсэн төгөл” СДОА, Ойн нөхөрлөлийн холбоо, ОНЗ гээд нийт 14 хүн оролцсон байна.