Танин мэдэхүй

ХУВЬСАЛ

Хувьсал 

-Монгол орны ой дэлхийн усны гурван том ай савын хагалбарыг даган ургасан гэдгээрээ биологийн олон янз байдлын амьдрах орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой- 

 

Ой гэж чухам яг юуг хэлээд байна вэ? Яг хэзээ, хэрхэн үүсч, хүн төрөлхтөний амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг болж хувирав? Тоон үзүүлэлтийг харъя. Цэнхэр гарагийн гуравны нэгийг буюу дөрвөн тэрбум га газрыг ой эзлэн оршиж байна. Хамгийн энгийн тайлбарыг сөхвөл, модлог ургамал ноёрхсон экосистемийг ой гэж нэрлээд байгаа юм. Түүний амьд бүрэлдэхүүнд мод, сөөг, сөөгөнцөр, өвслөг ургамал, хөвд, мөөг, замаг, хаг шавж, амьтад, шувууд, сээр нуруугүйтэн, ургамал болон бичил организм гээд бүгд хамаарна. Энэ бүхэн өөр хоорондоо, бас бусад амьгүй бүрэлдэхүүн хэсэгтэй харилцан уялдаатай оршдог.

Харин одоо шинжлэх ухааны тайлбарыг сонирхоорой. Дэлхий дээр анхны асар том намган ой 350-280 сая жилийн тэртээ үүссэн хэмээн судлаачид үзжээ. Өдгөө чулуун нүүрс болон үлдсэн, төрөл зүйлс нь хэдийнэ устаж үгүй болсон модод ургадаг байв. Ийнхүү олон сая жилийн хувьслын явцад анхны моддын төрөл зүйл болох шилмүүст модод буюу намгийн майлаас, хар мод бүхий ой үүссэн байна.

Навчит модод болох эвэр мод, бургас, царс, нүргэс барагцаалбал 60 сая жилийн өмнөөс л үүсэн бүрэлдсэн талаар түүхэнд бичигджээ. Ойролцоогоор нэг сая жилийн өмнө анхны том хэмжээний ойн мөхөл мөстлөгийн үеэс эхлэн манай тооллоос өмнөх 8000 жилийг хүртэл үргэлжилсэн гээд бод доо. Чухам тэр үед төв Европод хус, царс, хайлаас, агч болон бодь гэх мэт модод л үлдсэн байна. Үүнээс хойш 1000 жилийн дараагаар л эвэр болон гацуур модод нөхөн ургаж эхэлжээ.

-2008 онд Швед улсад олдсон нэгэн гацуурын ёзоор 9550 жилийн настай байсан бөгөөд эргэн тойрныхоо мододтой генийн ижил шинж тэмдэгтэй болох нь тогтоогджээ- 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 0.5 га-гаас багагүй талбайд орших нас бие гүйцсэн мод дор хаяж таван метр өндөр, титмийн бүдүүрэл нь 10 хувиас доошгүй байх хэсэг газрыг ой хэмээн тодорхойлсон байдаг. Гэвч энэ тодорхойлолт нь бургас, хус, одой гацуур ургадаг эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам талбайтай Арктикийн бүсэд орших тундрын ойд тохирдоггүй. Энэ утгаараа ойн мэргэжилтнүүд уг асуудлаар саналаа нэгтгэж чадаагүй л байна.

Харин Монгол орны ой дэлхийн усны гурван том ай савын хагалбарыг даган ургажээ. Энэ утгаараа гол, мөрний усны нөөцийг зохицуулан хамгаалах, цэвэршүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээхэд чухал нөлөөтэй. Түүнчлэн амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой. Гэхдээ Төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг учир байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхиар хязгаарлагдмал. Түймэр, хөнөөлт шавж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан өртдөг уулын ой юм.