Мэдээ мэдээлэл

Хуш модон ойн 40 хувь нь доройтолд орчихоод байна гэв

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас самар түүхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл "Монгол Улсын 1.5 сая км газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн. Ойн 5 хувийг эзэлдэг хуш модон ойд самар ургадаг. Энэ жил баруун аймгийн 63 суманд самар ургасан бөгөөд найман аймгийн 25 суманд самар их ургацтай байгаа. Үндсэндээ улсын хэмжээнд арван аймаг болон Улаанбаатар хотын ногоон бүсэд самар ургадаг.  

Гэхдээ нийт ойн таван хувийг эзэлдэг хуш модны 40 хувь нь доройтолд орчихоод байна. Тодруулбал, самар түүх хугацаа болоогүй байхад самар түүх гээд хуш мод нүдсэнээс болж холтос нь унаад, шавж хорхойд идэгдсэн үхмэл байдалд орсон. Есдүгээр сарын 10-наас дараа жилийн гуравдугаар сарын 15-н хүртэл самар түүх журам байдаг. Гэтэл одоо түүгээд, зарж борлуулаад байгаа нь хууль зөрчиж буй хэрэг" гэдгийг хэлэв.

Ойн тухай хуулийн 38.7-д зааснаар их ургацтай жил үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар самар түүж болно. Дунд ургацтай жил зөвхөн ахуйн зориулалтаар, бага ургацтай жил үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтын аль алинаар нь самар түүхгүй гэх хуулийн заалттай.

Хуш модны ургах орчны нөлөөллөөс хамаараад 3-5 жилд нэг удаа их ургац гарах нөхцөл бүрддэг

Байгальд сибирийн /Pinus sibirica/ болон cолонгос /Pinus koraienensis/ гэсэн хоёр зүйл хуш мод байдаг бөгөөд эдгээр нь зөвхөн ОХУ, Монгол улс /сибирийн хуш/-ын газар нутагт байршин ургадаг. Манай оронд дэлхийн хуш модны нөөцийн 1.8 хувь буюу 683.9 мян.га талбай бүхий хушин ой Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургаж байна. Манай орны хуш мод нөөцийн хэмжээгээрээ хэдийгээр энгийн нарснаас илүү боловч дэлхийд байх нөөц нь бага гэдэг утгаараа Монгол орны ховор ургамлын төрөл, зүйлд хамаарна.

Энэ талаар БОАЖ-ын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа "Хуш модны ургах орчны нөлөөллөөс хамаараад 3-5 жилд нэг удаа их ургац гарах нөхцөл бүрддэг. Энэ онд их ургацын жил тохиож байна.

Хуш мод 40-50 насандаа анхны үрээ буюу самраа гаргадаг бөгөөд өндөр налуу, эгц газар ургадаг. Тийм учраас самар түүх гэж байгаа бол иргэд нэн түрүүнд аюулгүй байдлаа хангах, мөн зэрлэг амьтдыг үргээхгүй байх, түймрээс сэргийлэхэд онцгойлон анхаарах хэрэгтэй. Тохиолдлоор модыг түншиж самрыг унагаах гэж байгаа бол зөөлөвч жийрэг резин хийж байгаач ээ. Ингэснээр бид олон жил тухайн модны самрыг хэрэглэх боломж бүрдэнэ" хэмээн ярилаа.

Хуш мод нь ойн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж ус, хөрсийг хамгаалахын зэрэгцээ ойн олон төрөл, зүйлийн амьтан, шувууны амьдрах орчин, хүнс, тэжээлийн бааз, нөөц нь болдог. Тодорхой хугацаанд шинэчлэгдэн солигдон унаж байдаг хушны шилмүүс, боргоцой нь хөвсгөр байдаг тул бусад шилмүүст модтой харьцуулахад хөрсний сайн бордоо болж, усыг өөртөө хамгийн ихээр шингээдэг бөгөөд энэ нь ойн чийгшилийг удаан хадгалж, уур амьсгалын таатай орчинг бүрдүүлдэг. Хушин ой нь бактер устгах чадвартай, фитонцид, эфирийн тос их ялгаруудаг нь орчны агаарыг эрүүлжүүлж цэвэршүүлдэг тул эртнээс хушин ойг эмчилгээний зорилгоор ашиглаж байжээ.

Хууль бусаар самар түүсэн тохиолдолд 5.4-27 сая төгрөгөөр торгох зэргээр шийтгэнэ

Үргэлжлүүлэн самар түүхтэй холбоотой эрх зүйн орчныг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага тооцохыг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч хошууч П.Нэмэхбаатар хэлэв.

Тэрбээр "Иргэд самрын болц гүйцээгүй үед иргэд самар түүж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор болц нь гүйцээгүй самрыг түншиж унагааж болохгүй болохоор мод руу авирч гараад, самраа буулгах үйлдэл хийдэг. Тэгээд унаж гэмтэх, амь насаараа хохирсон нэлээн хэдэн тохиолдол бүртгэгдлээ.

Иймд иргэд төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан журмын дагуу олгосон эрхийнх нь хүрээнд тусгай зөвшөөрлийг авч самраа бэлтгэх шаардлагатай.

Энэ зөвшөөрлийг аваагүй самар бэлтгэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлгийн 8.1-т зааснаар Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэв.


Хуш модны самар, шилмүүс нь хур, сойр, самрын шаазгай, хөтүү зэрэг шувуу, жирх, хэрэм зэрэг мэрэгч, баавгай, гахай зэрэг том амьтдын гол хүнс тэжээл болдог. Жирх, хэрэм 6-10 кг самрыг өвлийн идшиндээ нөөцөлдөг бол баавгай өдөрт 20-30 кг боргоцой идэж 100-150 кг өөх хуримтлуулж байж ичээлэх боломжтой болдог.

Баавгай самрын ургац муу жилд ичэж чадахгүй дан ангаар хооллох болдог бөгөөд сард 3-6 толгой гахай, буга, хандгай барьж идэх болдог нь ойн туурайтан амьтны нөөцөд ихээхэн хохирол учруулахад хүргэдэг. 2009-2010 онд самар гараагүйгээс өлсгөлөн баавгай Хэнтий аймгийн Галшар сум хүртэл тал хээрт тэнэж хүнд алуулах тохиолдол ч гарсан.

Харин зэрлэг гахай өдөрт 2-2.5 кг самар идэж байж онд орох боломжтой болно. Самрын ургацгүй жил жирх, хэрэм их хорогдсоноос ойн булга, шилүүс зэрэг үслэг амьтдын хоол тэжээл хомсдож өсөж үржих нь багасдаг. Ер нь хуш мод бүрэлдэхүүнд нь орсон хөвч, тайгын ойд 50 зүйл хөхтөн амьтан, 160 орчим зүйл шувуу, 6 зүйл хоёр нутагтан, 4 зүйл мөлхөгч амьдардаг гэсэн судалгааг эрдэмтэд хийсэн байна.