Танин мэдэхүй

Чингисийн нөмөр

Чингисийн нөмөр

-Гурван Мэргэд өш санан довтолж ирэхэд Тэмүжин цатгалан могой шургах зайгүй шахам өтгөн ой бүхий Бурхан Халдуны шугуйд нуугдаж амь гарсан гэдэг-

"Өдгөө ч мөн адил ой нь хаашаа ч явах, хандах газаргүй болсон дүрвэгсдийн хувьд орогнох газар, сүүлчийн авралын бүс нь болсоор байна" 

Эрт дээр үеэс л ой нь хүн төрөлхтний сүүлчийн хоргодох газар болдог байв. Монголчуудын хувьд ч мөн ялгаагүй. Бидний өвөг дээдэс төдийгүй өнөөгийн нийгмийн “төрөл бүрийн” хүмүүсийн сүүлчийн хоргодох газар нь ой мод болсоор байна. Түүхээ сөхье. Бурхан Халдуныг түшиглэн Онон мөрнөөс ундлан, бага насаа өнгөрөөсөн Тэмүжиний хувьд уул ус, ой тайгаа шүтэн дээдлэх, хамгаалах сүсэг бишрэл нь амьдралынх нь салшгүй нэг хэсэг байжээ. Тэрбээр 1178 онд Хэрлэн мөрний эхэнд нутаглаж байхад нь “Гурван Мэргэд өш санан довтолж ирэхэд цатгалан могой шургах зайгүй Бурхан Халдуны шугуйд нуугдаж амь гарсан” хэмээн тэмдэглэсэн нь бий.

Хан Хэнтийн нурууны Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан. Зөвхөн орой хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм. Уг ууланд дээд, дунд, доод хэмээх гурван овоо бий. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь дунд хавьцаа. Харин уулын орой нь цэлийсэн том талбайтай. Талбайн дунд хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг ажээ. Дунд овооны орчимд метр орчмын голчтой том хүрэл тогоо байдаг. Уулын орой дахь их овооноос доош явахад энгэр талын зуйвандуу хавцалд тунгалаг сайхан нуур бий гээд тооцвол хэдэн сар, жилээр ч хоргодон амьдрах орчныг байгаль эх бүтээн цогцлоосон нь гайхамшиг юм. Харин тэрхүү гайхамшиг чухамдаа ой дотор л бүрэлдэн тогтсон байдаг билээ.

Дэлхийн бусад ой ч ялгаагүй өнгөрсөн хийгээд өдгөө хүмүүсийн авралын сүүлчийн орон зай болсоор. Дэлхийн II дайны үед Грек, Югослав, Беларуст Эсэргүүцлийн хөдөлгөөний дайчид ойг өөрсдийн аюулгүй байрлах газар болгон ашиглаж байв. Одоо хэр нь Өмнөд Америк, Африкт ой нь партизанууд болон янз бүрийн хориотой бараа тээвэрлэгчид, хууль бус бизнес эрхлэгчдийн орогнох газар болж байна. Хамгийн гол нь, хүмүүс ойг сүүлчийн хоргодох газраа болгон ашиглахын хэрээр түүнд хамаатай амьтай бүхэн үргэн дайжиж, экосистем нь талхлагдан доройтож байдаг нь харамсалтай.