Мэдээ мэдээлэл

ШИНЭ ХАНДЛАГА

Хэнтий аймгийн Биндэр сумын “Дэлгэр Онон” ойн нөхөрлөлийн эзэмшлийн талбайд очлоо. Нөхөрлөлийн гишүүд ойд тун завгүй ажиллаж байгаа харагдав. Зохион байгуулалт сайн, хүн бүр хийх ажлаа мэдэж, хөдөлж байгаа нь илт. “Одоо наад хэсгээ тусгаарлана шүү. Багаж хэрэгслээ авчирсан уу. Авах модоо ногооноор, үлдээхийг нь улаанаар будна гэдгээ ойлгосон биз дээ” хэмээн нэг нь бусдадаа заан, чиглүүлэх аж.

Нэг хэсэг нь унасан, хатсан, үмхэрсэн мод, гишүү мөчрийг цэвэрлэж, ойн зах руу зөөн хураана. Нөгөө хэсэг нь арчилгааны ажил хийх талбайгаа тусгаарлаж байв. Хэмжинэ, тоолно, будна, ялгана, тэмдэглэнэ гээд ойд арчилгаа, цэвэрлэгээ хийхэд мөрдөгдөх ёстой дүрэм журам, стандартын дагуу ажил хийгдэж байлаа. Нутгийн иргэд, малчдаар бүл нэмсэн нөхөрлөлийн гишүүд ийм хэмжээний зохион байгуулалтад орон ажиллаж байгаа нь ойн салбарт гарч ирж буй нэгэн шинэ хандлага юм. Мэдээж ийм түвшинд ажиллах багийг бэлтгэхэд мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөө, санхүүгийн дэмжлэг гээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа нь тодорхой.

...Төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг учраас байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхиар тун хязгаарлагдмал. Түймэр, хөнөөлт шавьж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан өртдөг уулын ой юм. Иймд сайн чанарын, ашиг шим ихтэй, цэвэр ойг бий болгохын тулд яах ёстой гэж бодож байна вэ? Гол нь, ойн өсөлт хөгжилтийн эрчимтэй үед нь орчны нөхцөлийг алдагдуулахгүйгээр, модлогийн хамгийн их нөөцийг хуримтлуулах зорилгоор ойд хийх арчилгааг тодорхой хугацаанд явуулах нь чухал байдаг. 

Судалгаанаас харахад, ой мод үндсэн ашиглалтын огтлолтод орох хүртлээ байгалийн аясаараа сийрэгжин хатаж үхсээр байдаг. Тодорхой хэлбэл, нэг га талбайгаас 50-80 шоометр нөөцийг алддаг гэсэн тооцоо ч бий. Зарим тохиолдолд түймэр, өвчинд нэрвэгдэн гамшигт өртдөг. Иймд арчилгааг моддын титэм нийлэх үеэс эхлэн үндсэн ашиглалтын огтлолт хүртэлх хугацаанд системтейгээр хийдэг. Ингэсэн тохиолдолд нэг га талбайгаас 60-100 шоометр мод авч ашиглах бололцоотой. Тэрчлэн модлогын чанар сайжирч, өсөлт нэмэгдсэнээр нэг га ойн нөөц 50-100 хувиар нэмэгддэгийг судлаачид баталжээ.

Байгалийн аясаараа өөрөө нөхөн сэргэдэг ойн нөөцөө, арчилгааны огтлолтоор зөв зохистой ашиглаж, уур амьсгалын тохиромжгүй нөхцөлд тэсвэртэй ойг бүрдүүлэх, ойн ус зохицуулах, хөрс хамгаалах болон дэлхийн уур амьсгалын дулаарлыг сааруулах, хүлэмжийн хийг багасгах зэрэг ойн ашигт шинж чанарыг дээшлүүлэх чухал хэмээн ойн салбарынхан хүлээн зөвшөөрдөг. Чухам энэ зорилгын хүрээнд НҮБ-ын ХХААБ (FAO)-ын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх” төсөл ойн арчилгааны 1, 2 дугаар хэлбэрийн ажлыг нөхөрлөлийн гишүүдээр хийж, гүйцэтгүүлэх ажлыг санаачлан зохион байгуулж байна. 

Тодорхой хэлбэл, БОАЖ-ын сайдын тушаалаар тус төсөлд 2017 онд ойн гэрэлжүүлэх, тохируулах хэлбэрийн арчилгааны ажил хийх талбайн хэмжээг 500 га байхаар баталж, энэхүү ажлыг нөхөрлөлийн ойн санд холбогдох журмын хүрээнд зохион байгуулж хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Улмаар ОСХТ-ийн захирлын 2017 оны шийдвэрээр сум дундын ойн ангиудад ойд арчилгаа хийх ажлыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон билээ. Эдгээр тушаалыг үндэслэн Хэнтий, Булган, Дархан Уул, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн 15 сум болон Сум дундын ойн ангитай насны I, II дугаар ангийн ойд арчилгаа хийх гэрээ байгуулж ажиллажээ.

Арчилгааны ажил хийх бэлтгэл ажлыг 2017 оны 6-9 дүгээр сард хооронд төсөлд хамрагддаг таван аймгийн МСҮТ-тэй хамтран “Ойн гэрэлжүүлэх болон тохируулах хэлбэрийн арчилгааны ажлын талаарх сургалт” зохион байгуулжээ. Үүний дүнд 101 ойн нөхөрлөл, 15 сум болон сумдын ойн ангийн инженер албан хаагч нийт 253 хүн ойд арчилгаа хийх чадамжтай болж, гэрчилгээ авсан байна. Мөн 15 сум болон Сум дундын ойн ангитай арчилгааны ажил хийх гэрээ байгуулж, санхүүжилтийг холбогдох журмын дагуу олгожээ.

“Хишиг-Өндөр” ойн нөхөрлөлийн ахлагч Н.Цолмон:

-Өнгөрсөн жил ойн тохируулах, гэрэлжүүлэх ажлыг зохион байгуулахад төслөөс нөхөрлөлийнхөнд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан. Хамгийн гол нь энэ ажлын дүнд нөхөрлөлийн гишүүд арчилгааны ажлыг бие дааж хийх чадавхитай, туршлагатай, мэдлэгтэй боллоо. Энэ бол том хөрөнгө оруулалт юм. Газар дээр нь сургалт зохион байгуулаад, чиглүүлээд өгсөн болохоор бие даагаад ажиллахад ямар ч бэрхшээл байгаагүй. 

Манайх гэхэд 7,5 га талбайд арчилгаа хийсэн. Үнэнийг хэлэхэд арчилгаа, цэвэрлэгээнээс гарч байгаа модны хаягдлыг түлшинд хэрэглэхээс өөрөөр бараг ашигладаггүй. Тийм болоод ч аж ахуйн нэгжүүд арчилгааны ажил авах дургүй байдаг юм билээ. Гэхдээ бидний хувьд ингэж арчилж, цэвэрлэснээр ой маань сайхан болж, түймэр, хөнөөлт шавжаас хамгаалж байгаа нь чухал шүү дээ, ашиг олохдоо бус юм. Иймд цаашид дахиад олон нөхөрлөлийг энэ ажилд татан оролцуулж, сургаж чадавхжуулахад төр болон төслийн дэмжлэг их хэрэгтэй байна. Мэргэжил аргазүйн зөвлөгөө, заавар өгөөд, чиглүүлээд өгвөл нөхөрлөлийнхөн бид ойгоо эрүүл сайхан болгохын төлөө бүгд хичээн ажиллахад бэлэн гэж ярив.  

 

Монгол орны нөхцөлд огтолсон, түймэрт нэрвэгдсэн газар, ойн цоорхой, зах хаяагаар байгалийн аясаар сэргэн ургасан залуу зулзган ойн нэгж талбайд олон тооны мод тохиолддог. Хэт шигүү ургасан өсвөрийн зулзган модод биесийнхээ өсөлт, хөгжилтөд муугаар нөлөөлж, турьгүй нарийхан диаметртэй, өндөр иштэй моддыг үүсгэдэг байна. Ингэснээр байгалийн нөхцөлд аясаараа сэргэн ургасан ширэнгэн ой нэлэнхүйдээ үхэж, мөхөх үзэгдэл ч цөөнгүй тохиолддог байна.

Энэ ч утгаараа арчилгааны ажил нь аж ахуйн өндөр ач холбогдолтой үнэт төрлийн мод зонхилсон ойг бий болгох, нэгж талбайгаас ашиглах модны нөөц болон нэг модноос гарах хэрэгцээний хэсгийн гарцыг нэмэгдүүлж, модлогийн чанарыг сайжруулах, түймрийн аюулыг багасгах, ойн ус зохицуулах, уур амьсгалын тохиромжгүй нөхцөлд тэсвэртэй ойг бүрдүүлэх, хөрс хамгаалах болон бусад ашигт шинж чанарыг дээшлүүлэх зорилгоор явуулдаг ойн аж ахуйн хамгийн чухал арга хэмжээ юм.

“Төслөөс нийт 15 сум дундын ойн ангитай байгуулсан гэрээний дагуу 67 ойн нөхөрлөлийг арчилгааны ажилд хамруулсан. Гишүүд ч маш идэвхтэй оролцсон. Энэхүү ажлын гүйцэтгэл нь 100 хувьтай байна. Мэдээж ойн нөхөрлөлүүдийг арчилгааны ажил хийж явцад харьяа сум болон Сум дундын ойн ангийн инженер, БОУБ, байгаль хамгаалагч нар мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч хяналт тавьж ажилласан. Түүнчлэн төслөөс хэрэгжилтийг хянах үүднээс долоо хоног бүр тайлан мэдээ авч, шаардлагатай үед ОСХТ, Аймгийн Ойн алба болон СДОА-тай хамтран ажлын явцтай газар дээр нь очиж, удаашралтай газруудыг эрчимжүүлэх тал дээр анхаарч ажилласны дүнд бидний зорьсон зорилт, зорилго биелсэн гэж үзэж байна.

Нөхөрлөлүүд болон мэргэжлийн байгууллагуудтай хамтарч эхлүүлсэн арчилгааны ажил үүгээр дуусахгүй. Энэ онд гэрэлжүүлэх, тохируулах арчилгааны ажлыг дахин зохион байгуулна, бэлтгэл ажил ч хэдийнэ эхэлчихсэн. Өнгөрсөн онтой харьцуулахад манай нөхөрлөлийнхөн нэлээд туршлагатай болж, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирсан гэж үзэж байна. Энэ бол маш том давуу тал юм” хэмээн төслийн Үндэсний зохицуулагч Ц.Солонго дүгнэлээ.  

МЭРГЭЖЛИЙН ХҮНИЙ ҮГ: 

Арчилгааны ажилд төрийн дэмжлэг чухал байна  

ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн, доктор З.Цогтоос ойн арчилгааны ажилтай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Монгол орны ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх зайлшгүй ямар шаардлагууд байна вэ?

-Монгол орны ой нь сэрүүн бүсийн ойн өмнөт захын ой учир маш эмзэг бүтэцтэй, экологийн чухал ач холбогдолтой. Иймд ойн нөөцийг нэмэгдүүлэх, бүтэц, бүтээмжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай юм. Үүний тулд ойд арчилгаа, цэвэрлэгээний ажлыг шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн заавар, зөвлөмжийн дагуу явуулах хэрэгтэй.

Манай оронд ойн арчилгааны ажлын анхны судалгааны ажил 1979 онд эхэлсэн. Үүний дүнд ойд арчилгааны ажлыг явуулснаар ойн бүтэц, бүрэлдэхүүн сайжирч, улмаар ойн бүтээмж дээшилдэг болохыг баталж, технологийн зааврыг боловсруулсан түүхтэй. Мөн ойн нөхөрлөлд зориулж ойн арчилгааны ажлын гэрэлжүүлэх ба тохируулах хэлбэрийн ажлыг явуулах гарын авлагыг боловсруулж нийтийн хүртээл болгохоор бичиж, хэвлэлд шилжүүлээд байна.

Монгол орны ойн сангийн ихэнх хувийг нас гүйцэж, хөгширсөн ой эзэлж байна. Ердөө 10 орчим хувийг залуу зулзган ой бүрдүүлдэг юм. Иймд залуу ойн нөөцийг нэмэгдүүлж, бүтээмжийг сайжруулахын тулд арчилгааны ажлыг 5-10 настай ойгоос эхлэн тодорхой давтамж, эрчимтэйгээр холбогдох заавар, журмын дагуу явуулах ёстой байдаг. Өсөлтөөр хоцорсон, муруй тахир иштэй, өвчин, хортонд нэрвэгдсэн моддыг авч, ашиглах хэрэгтэй.

-Ойн арчилгааны ажлын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад ойгоос хамгийн сайн, шулуун иштэй, өндөр моддыг голчлон авч ашиглаж байгаагаас ойн бүтэц, бүтээмж буурах хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, манай малчид онд мэнд орохгүй малаа намар заазалж сүргийн бүтцээ сайжруулж байдаг сайхан уламжлатай билээ. Сайн малын төл, өндөр бүтээмжтэй, ноос, ноолуур ихтэй, сүүний гарч сайн, мах нь тарган байдгийг бид бүхэн мэднэ. Ойн арчилгааны ажил үүнтэй нэгэн адил юм.

Ойн арчилгааны ажлын нэг, хоёрдугаар хэлбэрийн ажил болох гэрэлжүүлэх, тохируулах ажлын үед ойгоос хэрэгцээний мод гардаггүй. Иймд энэхүү ажлыг аж ахуйн нэгж байгууллагууд хийх сонирхолгүй. Учир нь ашиг олох боломжгүй юм.

Иймд арчилгааны ажлын чанар, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд дараах саналуудыг дэвшүүлж байна. Үүнд:

  1. Ойн арчилгааны ажлын нэг, хоёрдугаар хэлбэрийн ажлыг гүйцэтгэхэд, аж ахуйн нэгж, ойн нөхөрлөлүүдэд төрөөс дэмжлэг, урамшуулал үзүүлэх
  2. Ойн арчилгааны ажлын ач холбогдол, арчилгааг хэрхэн хийж гүйцэтгэх талаар сургалт, сурталчилгааг ой бүхий аймгуудын мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдэд хийх
  3. Ойн арчилгаагаар авсан моддыг ашиглах, боловсруулах талаар сургалт, судалгааны ажлыг зохион байгуулах
  4. Арчилгаагаар авсан модны мөчир, шилмүүс, ишийг боловсруулах техник, технологийг гаднаас оруулж ирэх, гадаадын туршлагыг судлах гэх мэт санал байна.

-НҮБ-ын ХХААБ-ын Ойн төслийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн жил 500 га ойд нөхөрлөлийнхөн арчилгаа хийсэн. Хэр үр дүнтэй ажил болсон бэ?  

            -Төсөл 2017 оны 6-9 дүгээр саруудын хооронд төсөлд хамрагдсан таван аймгийн МСҮТ-тэй хамтран ойн санг гэрээгээр эзэмшдэг нөхөрлөлүүдийн ойн санд гэрэлжүүлэх болон тохируулах хэлбэрийн арчилгааны ажлыг хэрхэн шинжлэх ухааны үндэслэлтэй хийх талаарх сургалтыг зохион байгууллаа. Үүний дүнд 101 ойн нөхөрлөл, 15 сум болон сумдын ойн ангийн инженер албан хаагч нийт 250 гаруй хүн ойд арчилгаа хийх чадамжтай болж, гэрчилгээ авсан. Ер нь цаашид ойн нөхөрлөлийг мэргэжлийн боловсон хүчинтэй болгох нь хамгийн чухал. Ингэснээр тэд эзэмшиж, арчилж, ашиглаж байгаа ойгоо өөрсдөө тоолж, хэмжих, хянах боломжтой болох юм.

АЛБАНЫ БАЙР СУУРЬ: 

Арчилгааны зардлыг яаралтай нэмэгдүүлэх хэрэгтэй

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны мэргэжилтэн Ё.Батсайхан:

- Хөвсгөл аймгаас төсөлд хамрагдсан 24 ойн нөхөрлөлөөс 21 нь  өнгөрсөн жил арчилгааны ажил хийж гүйцэтгэлээ. Ойн нөхөрлөлүүдийн хувьд энэ бол анхны цалинтай ажил байлаа. Ойн сангаа арчилж тордож, төлөв байдлыг сайжруулахад тэд хөрөнгө оруулалт хийсэн. Ойд арчилгааны ажил хийснээр ойн санд эерэг өөрчлөлтүүдийг харах боломж бий болсон. Нөхөрлөлийн гишүүдэд бага боловч орлого орсноор төсөл  амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүллээ гэсэн үг. Нөхөрлөлийн гишүүдийн хамтын ажиллагаа сайжирч бие биентэйгээ хамтран ажиллахын ач тусыг ойлгосон ажил байлаа. Арчилгааны ажлын талаар онолын болон практик мэдлэг бий болсон. Нөхөрлөлийн гишүүдийн  идэвхийг сэргээсэн.

Ажил хийх явцдаа цаашид өөр ямар ажил хийх боломжтойгоо ярилцаж байна. хамт олны хурал хийж чаддаггүй хүмүүст хамтаараа уулзаж ярилцах боломж бий болгосон. Менежментийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх бодит ажил болж чадсан. Малдаа зарцуулдаг цаг хугацааны тодорхой хувийг ойн санд зарцуулах нөхцөл бүрдүүлсэн зэрэг олон үр дүн гарсан  сайн ажил болсон. Гэхдээ цаашид анхаармаар асуудал бий. Нэг га талбайд арчилгааны ажил хийх зардлыг яаралтай нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Мөн нөхөрлөлүүдийг арчилгааны огтлолт хийх ажлын багажтай болгоход анхаарах, арчилгаанаас гарсан модоор бүтээгдэхүүн хийх талаар сургалт явуулбал тун сайн байна.

Дэд гарчиг: Ойн төслийн үр дүнд Ойн ангиуд, нөхөрлөлүүд чадавхжиж байгаа

БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбат:

-Байгалийн аясаараа өөрөө нөхөн сэргэдэг ойн нөөцөө арчилгааны огтлолтоор зөв зохистой ашиглаж, модны өсөлтийг дэмжиж бүтээмжит чанарыг нэмэгдүүлэх, уур амьсгалын тохиромжгүй нөхцөлд тэсвэртэй ойг бүрдүүлэх, ойн ус зохицуулах, хөрс хамгаалах болон дэлхийн уур амьсгалын дулаарлыг сааруулах, хүлэмжийн хийг багасгах зэрэг ойн ашигт шинж чанарыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой байдаг. Ер нь Улсын төсвөөр жилд насны 1,2 дугаар ангийн 1000-2000 га ойд арчилгааны арга хэмжээг хэрэгжүүлж байна. Гэвч хөрөнгө санхүүгийн боломжоос шалтгаалаад ойн аж ахуйн арга хэмжээний нэг нь болох энэ ажил бага хэмжээгээр хийгдэж байгаа юм.

Иймд 2017 онд ойн гэрэлжүүлэх, тохируулах хэлбэрийн арчилгааны ажил хийх талбайн хэмжээг 500 га байхаар баталж, энэхүү ажлыг нөхөрлөлийн ойн санд Ойн ангиудаар дамжуулан холбогдох журмын хүрээнд зохион байгуулж хэрэгжүүлэхийг тус төсөлд үүрэг болгосон. Хамгийн гол нь төсөл арчилгаанд шаардагдах төсөв хөрөнгөөс гадна энэ ажлыг үр дүнтэй хийлгэх талаас нь сургалт зохион байгуулах, хянах, чиглүүлэх гээд бүх асуудлыг хариуцсан. Үр дүн нь сайн гэж бид үнэлж байна. Манай Сум дундын ойн ангиуд ч нэлээд чадавхижиж, үйл ажиллагаа нь жигдэрч байгаа нь давуу тал юм.

Тус төслөөс энэ онд СДОА-иудаар дамжуулан дахиад 500 га ойд нөхөрлөлүүдээр өөрсдийнх нь эзэмшлийн талбайд арчилгааны ажил хийлгэх зөвшөөрөл авсан. Мэдээж аливаа төсөл хөтөлбөр хугацаатай. Төсөл дуусаад хаагдахад ойн нөхөрлөлүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлээд арчилгаа хийлгэнэ гэдэг хүндрэлтэй. Гэхдээ нөхөрлөлүүдийн менежмент төлөвлөгөөнд үндэслэн, ойн мэргэжлийн байгууллагын хяналт, зааварчилгааны дагуу дээрх хэлбэрийн арчилгааг хийлгэхэд болохгүй зүйл байхгүй. Ойдоо, нөхөрлөлдөө гээд аль аль талдаа ашигтай, ач холбогдолтой ажил болохоор ямар нэг байдлаар дэмжих бодлого барьж ажиллаж байна.

Өнөөдрийн мөрдөж буй дүрэм журмаар ойд арчилгаа хийх ажлын зардал нэг га-д 120 мянган төгрөг. Үүний дагуу НҮБ-ын ХХААБ (FAO)-ын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх” төсөл байхаар тооцож, нийт 62 сая 500 мянган төгрөгийн гэрээ байгуулсан байна.

 

Ойн нөхөрлөлүүд 2017 онд нийт 500 га ойд арчилгааны ажил хийлээ

Ойд арчилгаа хийснээр модлогын чанар сайжирч, өсөлт нэмэгдэж улмаар нэг га ойн нөөц 50-100 хувиар нэмэгддэгийг судлаачид тогтоожээ

Төслөөс зохион байгуулсан сургалтад 101 ойн нөхөрлөл, 15 сум болон сумдын ойн ангийн инженер албан хаагч нийт 253 хүн ойд арчилгаа хийх чадамжтай болж, гэрчилгээ аваад байна.