Мэдээ мэдээлэл

2-3 жил дараалан хөнөөлт шавжинд идүүлсэн ой мод дахин сэргэн ургах чадваргүй болдог

Экологийн өндөр ач холбогдолтой манай орны ойн экосистемд сөрөг нөлөө үзүүлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь ойн хөнөөлт шавж юм.

Манай орны навчит шилмүүст ойд 700 гаруй зүйлийн хөнөөлт шавжууд тархан хөнөөл учруулдаг болох нь эрдэмтэн судлаачдын хэвлүүлсэн бүтээлүүдэд дурдагдсан байдаг. Модлог ургамлын навч шилмүүс, иш холтос, модлог, үр боргоцой, нахиа найлзуур, үндсээр хооллон хөнөөл учруулдаг эдгээр шавжуудтай тэмцэх арга хэмжээг 1957 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлжээ.

Хортон шавжуудаас навч, шилмүүсэн ойд голлон хөнөөл учруулдаг 10-аад  зүйлийн хөнөөлт шавж байна. Сибирийн хүр, Эгэл бийрэн сүүлт, Якобсоны төөлүүрч, Өрөөсгөл хүр эрвээхий, Моносны бүгэг, Бургасны хүр зэрэг шавжууд хөнөөл учруулж байна. 2016 оноос эхлээд ойд онц хөнөөлтэй Сибирийн хүр эрвээхэй хэт олширч байгааг мэргэжлийнхэн хэлэх болсон.

Ойд хөнөөл учруулж буй шавж нь модны навч, шилмүүсээр хооллож, өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлж, ойг доройтолд оруулдаг бөгөөд 2-3 жил дараалан идвэл тухайн мод дахин сэргэн ургах чадваргүй болдог байна.

Хортон шавжуудыг хэрхэн таньж мэдэх талаар гарын авлагыг хүргэж байна.