Мэдээ мэдээлэл

54 нөхөрлөлийн ОМТ-г боловсруулав

Хөвсгөл, Хэнтий, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын ойн санг гэрээгээр эзэмшиж буй 54 нөхөрлөлийн 10 жилийн ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хээрийн судалгаа хийх, нөхөрлөлийн гишүүдээс судалгаа авах, сургалт, хэлэлцүүлгийг долоодугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 20-ны хооронд зохион байгуулжээ. Уг ажлыг Ойн судалгаа хөгжлийн төвийн гурван баг 15 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэсэн бөгөөд таван аймгийн 21 сумын 54 нөхөрлөл 220398 га талбай хамрагдсан байна.

Уг ажлын хүрээнд эзэмшлийн ойн санд хийсэн ой зохион байгуулалтын мэдээ, төлөвлөгдсөн ойн аж ахуйн арга хэмжээ түүний зураглал, ойн тархалтын зураг, таксацын мэдээг тайлж, тэдгээрийг холбож унших зэрэг аргачлалыг 10 жилийн менежментийн төлөвлөгөө боловсруулахаар хамрагдсан 54 нөхөрлөлийн 220 гишүүнд хэлэлцүүлэг байдлаар зохион байгуулжээ.

Мөн нөхөрлөлийн гишүүдэд эзэмшиж буй ойн сангийн одоогийн төлөв байдал, ойн санд хэрэгжүүлэх аж ахуйн арга хэмжээний талаар гишүүдтэй санал солилцох, судалгаа явуулах ажлын хүрээнд нөхөрлөлийн эзэмшлийн ойн сан дахь дагалт баялаг, эмийн ургамал, зэрлэг амьтны судалгаа, ойн санд нөхөрлөлийн гишүүд болон мэргэжлийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа түүнийг хэрэгжүүлэхэд тулгамддаг асуудлуудаар хэлэлцүүлэг хийж судалгаа авсан байна. Судалгааны үр дүнд  нөхөрлөлийн эзэмшлийн ойн санд нутагшсан амьтан, ургамлын тухай ерөнхий мэдээллийг авч менежментийн төлөвлөгөөнд тусгах, ойн санд тодруулга, ойн менежментийн үйл ажиллагаа төлөвлөхдөө уялдуулах нөхцөл бүрдсэн хэмээн ОСХТ-ийнхөн үзжээ.

 

Түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшиж буй нөхөрлөлийн ойн санд тодруулга хийж ойн таксацын мэдээллийг шинэчлэх ажил хийгджээ. Уг ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн ойн санд 2013 оны, Хөвсгөл аймгийн ойн санд хийсэн 2012 оны, Сэлэнгэ аймгийн 2009 оны, Булган аймгийн 2008 оны, Хэнтий аймгийн 2013 оны  ой зохион байгуулалтын мэдээг суурь болгож нөхөрлөл тус бүрийн 1:50000 масштаб бүхий ойн тархалтын зураг, 1:25000 масштабтай сансрын зураг, 1:100000 масштабтай ногоон зураг ашиглан эзэмшлийн ойн сангийн хилийг нөхөрлөлийн гишүүдэд газар дээр нь зааж тохируулсан байна. Мөн шаардлагатай тохиолдолд таксацын үзүүлэлтүүдийг шинэчлэх, ойн ялгарлуудыг шинэчлэн зурах ажлуудыг 220398  га талбайд хийж гүйцэтгэжээ. 

Нөхөрлөлийн эзэмшлийн ойн сангийн хилийн зэс, газрын нэршил, гол, булгийн нэрийг тодорхойлох ажлын хүрээнд судалгаанд хамрагдсан эзэмшлийн ойн талбай дахь булаг, айлын өвөлжөө, хаваржаа, зуслан зэргийг Garmin S62 багажийн тусламжтайгаар цэг хэлбэрээр мэдээллийн санд буулгасан. Ингэснээр нөхөрлөлийн ойн менежментийн төлөвлөгөөнд хавсрагдах ойн тархалтын зураг, ногоон зураг, сансрын зурганд газрын нэршил, айлуудын өвөлжөө хаваржааны байршил тусгагдаж нөхөрлөлийн гишүүд газрын зураг уншиж үйл ажиллагаа явуулах газраа олоход дөхөм болох юм.

 

Нөхөрлөлийн эзэмшлийн ойн санд хэрэгжүүлэх шаардлагатай ойн аж ахуйн арга хэмжээг тодорхойлох ажлын хүрээнд ойн санд хийсэн нэмэлт тодруулга, нөхөрлөлийн гишүүдээс авсан судалгаа, нөхөрлөлийн гар зурагт үндэслэн хууль эрх зүйн хүрээнд нөхөрлөлийн болон тухайн ойн аж ахуйн бүсийг харгалзан гүйцэтгэх боломжтой аж ахуйн арга хэмжээг төлөвлөж таксацын бичлэгт тодруулсан. 

ОНСААлбаны мэргэжилтэн С.Оюунгэрэл:

-Ойн 10 жилийн менежментийн төлөвлөгөө боловсруулахаар сонгогдсон 54 нөхөрлөлүүдээс нөхөрлөл тус бүрээс нэг гишүүн ойн сангийн хилийн цэгүүдээ газар дээр нь тогтоолгож мэдэж авсан. Нөхөрлөл тус бүрээс хамгийн багадаа хоёр гишүүн ойн тархалтын зураг тайлж унших, ойн тархалтын зургийг таксацын бичлэгтэй холбож унших аргачлалд суралцлаа. Мөн нөхөрлөлийн эзэмшлийн ойн санд байршиж нутагшсан ан амьтан, ургамлын тойм судалгааны мэдээллийг цуглуулсан. Нөхөрлөлийн эзэмшлийн ойн сангийн ойн аж ахуйн арга хэмжээ хэрэгжүүлэх газруудыг сонгож, тухайн хэсгийн таксацын бичлэгийг шинэчиллээ. Нөхөрлөлийн ерөнхий мэдээлэл, танилцуулгыг нөхөрлөлийн бичиг баримт, болон нөхөрлөлийн гишүүдээс аман байдлаар үнэн бодит мэдээлэл авсан нь нэлээд үр дүнтэй ажил боллоо хэмээн тайландаа дурджээ.

ОНСААлбаны дарга Х.Мичид:

-Монгол оронд хамтын оролцоотой ойн менежмент буюу нөхөрлөл ойн санг гэрээгээр эзэмшиж хамгаалах үйл ажиллагаа нэвтэрч эхлээд 20 гаруй жил болж буй хэдий ч одоог хүртэл нөхөрлөлийн гишүүд нөхөрлөлийн ашиг олох орлогын ганц эх үүсвэр бол цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэж түлээний мод борлуулах гэж үзсээр байна. Хязгаарлагдмал энэ үзэл нөхөрлөл хөгжих боломжийг үгүйсгэж байгаа юм. Тиймээс нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөөг зөвхөн ойн аж ахуйн арга хэмжээгээр хязгаарлах бус нөхөрлөлийн дотоод зохион байгуулалт, гишүүдийг сургаж чадавхжуулах, ойг түшиглэж ойн дагалт баялаг, ойн орчин, ан амьтан зэргийг ашиглан үйл ажиллагаа явуулах, бизнес төлөвлөгөөтэй болгох, идэвхжүүлэх талаар оруулж өгөх хэрэгтэй. Мөн орон нутгийн ойн менежментийн төлөвлөгөөнд ойн аж ахуйн арга хэмжээг тусгахдаа нөхөрлөлийн жилийн ажлын төлөвлөгөө, бизнес санал санаачлагад тулгуурлаж тогтоож өгвөл  ойгоос олох орлогын хэмжээ, ойн  бүтээмж дээшлэх боломж байна.

Ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа нөхөрлөлүүдийг урт хугацааны менежментийн төлөвлөгөөнд  шилжүүлэхдээ тодорхой шалгуур үзүүлэлт тавьж түвшин тогтоох хэрэгтэй болох нь харагдлаа.

Учир нь байгуулагдсан он адил, хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөө адил хэрнээ  чадавхи, идэвхи, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа харилцан адилгүй байгаа нөхөрлөлүүдийг адилхан урт хугацааны менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэх шатанд шилжүүлсэнээр гарах үр дүн нь харилцан адилгүй мөн хүсэн хүлээсэн үр дүнд хүрч чадахгүй байдал үүсгэх хандлагатай байна. Тиймээс судалгаанд хамрагдсан нөхөрлөлүүдийг дотор нь ойг зөвхөн хамгаалах, цаашид үйл ажиллагаа өргөжүүлэх хөгжих, ойн менежментийн төлөвлөгөөг гурван жилээр хийх гэж ангилан шалгуурт хүрэхгүй нөхөрлөлийг дахин гурван жилийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байна.

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нөхөрлөлийн жилийн эцсийн ажлын тайланд үнэлэлт дүгнэлт өгч ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, нөхөрлөлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлыг сайжруулах шаардлагатай байна гэж дүгнэсэн байна.